Олон улсын сэтгүүлчдийн байгууллагаас сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг суллахыг шаардлаа

Олон улсын сэтгүүлчдийн байгууллагаас сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг суллахыг шаардлаа

Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) байгууллагын Ази, Номхон Далайн асуудал хариуцсан товчооны Захирал Седрик Алвиани сэтгүүлч Нарангийн Өнөрцэцэгийг суллахыг шаарджээ. 


Уг шаардлагад "Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) байгууллагаас Монголын эрх баригчдад хандан сэтгүүлч Нарангийн Өнөрцэцэгийг суллахыг шаардаж байна. Арванхоёрдугаар сарын эхээр урьдчилан хоригдсон түүнийг олон нийтийн сүлжээгээр шүүхийг шүүмжилснийх нь төлөө худал мэдээлэл тараасан хэрэгт буруутгасан. Түүний Zarig.mn цахим хуудасны хандалтыг мөн хоёр хоног хаажээ.  

Zarig.mn цахим хуудасны сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч Нарангийн Өнөрцэцэгийг эрүүгийн хэрэгт холбогдуулан мэдүүлэг авахаар цагдаагийн байгууллагаас дуудсан цагт ирээгүй гэдэг үндэслэлээр 2023 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр баривчлан, Монгол Улсын нийслэл Улаанбаатар дахь урьдчилан хорих төвд нэг сарын хугацаатай саатуулжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэдхэн долоо хоногийн өмнө буюу аравдугаар сарын 13-ны өдөр Өнөрцэцэгийг олон нийтийн сүлжээнд шүүх, прокурорын үйл ажиллагааны талаар шүүмжлэл өрнүүлсэнтэй холбогдуулан шалгуулах гомдол гаргасан байна. Түүнийг Эрүүгийн хуульд заасан “худал мэдээлэл тараах” гэмт хэрэгт буруутгаад байна. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх арванхоёрдугаар сарын 19-ний өдөр сэтгүүлч Өнөрцэцэгт холбогдох хэргийг шалгах явцад түүнийг нэг сарын хугацаатай урьдчилан хорих шийдвэрийг дөрөв дэх удаагаа хэвээр үлдээжээ. 

“Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улс эрх, эрх чөлөөний зарчим, хэвлэл мэдээллийн олон ургальч байдлыг сахихад илт хүчин чармайлт гаргасан учир санаанд оромгүй явдал боллоо. Худал мэдээлэлтэй тэмцэх нэрийдлээр олон нийтийн сүлжээнд шүүхийн тогтолцоог шүүмжилсэн сэтгүүлчийн эрх чөлөөг хасах нь илт зүй бус үйлдэл юм. Нарангийн Өнөрцэцэгийн эсрэг ажиллагааг зогсоож, түүнийг нэн даруй суллахыг эрх баригчдаас шаардаж байна. RSF-ын Ази, Номхон Далайн асуудал хариуцсан товчооны Захирал Седрик Алвиани" гэжээ.