Zarig.mn сайтын ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсантай нь холбоотойгоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ сарын 04-ний /2023.12.04/ өдөр авсан билээ. Улмаар Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчлүүлэхээр удаа дараа шүүхэд хандсан ч шүүх хүсэлтийг хүлээж авахаар татгалзаж шийдвэрлээд байгаа. Тэгвэл үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн аав С.Наран, ээж М.Алдартуяа нартай бид энэ удаад ярилцлаа.
ВИДЕО:
-ОХИНОО СУЛЛАГДАХ БОЛОВ УУ ГЭЭД ЗАЛБИРААД АРЦ ХҮЖЭЭ УУГИУЛААД Л СУУЖ БАЙНА-
-Яг одоо /2023.12.25/ сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг суллах эсэн шүүх хурал болж байгаа. Бид хэдийг ингээд ярилцаж байхад түүний цагдан хориог цуцлаад суллавал сайхан даа?
-Тэгэлгүй яах вэ. Бид муу охиныхоо төлөө залбираад л сууж байна. Нэг минут, нэг секундийн өмнө ч болсон суллагдаасай гээд бурхандаа залбирч арц хүж уугиулаад л сууж байна даа. Нулимс гараад сууж юм. Хажуугаар нь бас даралт ихсээд болдоггүй. Сая явж эм аваад ирлээ. Одоо бараг 20 гаруй хоночихлоо.
-Өнөрөө маань анх сэтгүүл зүйн мэргэжлийг сонгочхоод та хоёроос нууж байсан гэсэн. Тухайн үед та хоёр яаж хүлээж авч байв. Дурсамжаа хуваалцаач?
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн аав С.Наран: Сургуулиа төгсөөд сэтгүүлч мэргэжлийг сонгоод ирлээ гээд муу охиндоо баяр хүргэж байсан санагдаж байна. Тэгээд сургууль соёлоор нь явуулсан. Охин минь сайхан мэргэжил эзэмшээд сайн сайхан л явж байсан. Гэтэл ингээд хэл аманд ороод шоронд орчихлоо.
-Эгчийн тухайд охиноо сэтгүүлч мэргэжлийг сонгоход нь хэрхэн хүлээж авч байв?
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ээж М.Алдартуяа: Анх сэтгүүлч болоход нь баярлаж байсан. Сайхан явсан цаг ч их бий миний охинд. Сайн сэтгүүлч болж дээ охин минь гэж бахархаж явдаг. Охин минь шоронд орсон ч асуудал нь ноцтой биш. Хийх ажлаа л хийж явсан байх гэж боддог.
-Ер нь мэдээ, сурвалжилгыг нь үзэж байсан уу. Үзээд юу бодогддог байв?
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн аав С.Наран: Охиныхоо бэлтгэсэн мэдээ, сурвалжилгыг байнга л үздэг. Зурагтаас илүү утсаараа үздэг юм. Энд тэндхийн өчнөөн л асуудлыг гарган ярьж, үр дүнд хүрч байгааг нь харах сайхан л байдаг байсан. Жишээлбэл, Хөгжлийн банк гэхчлэн томоохон асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулсан л гэж боддог.
-Улстөрчидтэй холбоотой, эрэн сурвалжлах олны анхаарлыг татсан сурвалжилгуудыг нь үзээд эмээж байв уу. Тухайн үедээ?
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн аав С.Наран: Зарим бичиж, сурвалжилж байгаа мэдээ, мэдээллийг нь үзээд хамаагүй, хамаагүй юм хийчих вий гээд айдаг л байсан.
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ээж М.Алдартуяа: Одоо болиосой гэж бодох үе ч байсан. Гэхдээ ард түмэн, эрх чөлөөний төлөө явж байгаа болохоор бас гайгүй байдаг байсан. Харин одоо бол жинхэнээсээ айдастай болж байна.
-ОХИНЫГ МИНЬ ХОРИХООР БАРИАД ЯВЖ БАЙГАА ТЭР ДҮР ЗУРАГ XXI ЗУУНД АРАЙ Л ХАРГИС САНАГДСАН-
-Одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг та хоёр юу гэж харж байна?
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн аав С.Наран: Миний охинд хийсэн хэрэг байхгүй байх л гэж боддог. Ямар мөнгө төгрөг идсэн байгаа биш. Ажлаа хийж яваад л ийм зүйл тохиолдлоо. Ажил дээрээс нь бариад явсан шүү дээ. Тэр орой золтой л ухаан алдаад унаагүй үлдсэн. Баригдаад явахынхаа өмнө аавтайгаа ярьсан юм. “Би 30 хоногийн баривчилгаанд явахаар боллоо. Та хоёр минь санаа зоволтгүй шүү. Учир нь олдоно байх. Сэтгэлээ барьж байгаарай гэж хэлсэн. /сур.уйлав/
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ээж М.Алдартуяа: Гэнэт болсон болохоор бид хоёр ч очиж чадаагүй. Яг тэр өдөр баривчлагдах гэж байгааг нь хараад бүгдээрээ л сандарсан. Нэг хэсэг нэлээд юм болсон. Тэр харанхуй шөнө барьж яваад бүгд л уйлалдаад үлдсэн. Одоо ч сэтгэл санаа үймрээд л байж байна. Охиноо нэг секундийн өмнө ч болсон гаргаж авахыг л хүсэж, залбирч өдөр хоногийг өнгөрөөж байна. Хэрэг хийгээгүй юм байна гайгүй байлгүй дээ л гэж найдаж сууна даа.
-Гэнэт болсон үйл явдал болохоор итгэж чадахгүй, зүүд шиг л санагдсан байх?
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ээж М.Алдартуяа: Тэгэлгүй яах вэ. Аймар юм байна лээ. Бид өмнө нь тийм зүйл амьдрал дээр харж байгаагүйг ч хэлэх үү. Үнэхээр хэцүү айхтар санагдсан. Цагдаа, шүүх нь ч яасан аймар юм. Хүн юм хэлээд ойлголцох гэж гуйгаад байхад хүчээр худлаа хэлээд чихээд аваад явчихдаг юм байна лээ. Тэрэнд л их гомдож байна.
-Арай ч бас хоригдоно гэж бодоогүй байх?
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ээж М.Алдартуяа: Арай хорино гэж бодож байгаагүй. Ийм юм байж л байдаг байсан. Очоод шалгагдаад байцаагдаад л гардаг байсан. Гэтэл энэ удаагийн үйлдэл бол XXI зуунд арай л харгис санагдсан. Тухайн үед дэргэд нь байсан бол би тэр хоёр цагдаагийн бариад зогсох байсан байх.
-ОХИНЫХОО СЭТГЭЛИЙГ ЗОВООХ БАЙХ ГЭЭД ХОРИХ АНГИД ОЧИЖ УУЛЗАЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА-
-Н.Өнөрцэцэг сэтгүүлчийн хувьд аавын амины охин гэж сонсож байсан?
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн аав С.Наран: Тэгэлгүй яах вэ. Бүх хүүхдүүддээ хайртай ч энэ муу охиндоо илүү хайртай байгаад байдаг юм. Би чинь их хөнгөн сэтгэлтэй хүн байгаа юм. Хүн бүр л мэдэх байх. Кино үзээд уйлчихдаг хүн шүү дээ. Охиноо цагдан хоригдсоноос нь хойш очиж уулзаж чадаагүй. Очоод охиныхоо сэтгэлийг үймүүлээд хямраачих байх гээд чимээ чагнаад л сууж байна.
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ээж М.Алдартуяа: Энэ хоёр чинь хоёр биеэ хараад уйлаад л байдаг юм. Хоёулаа ингэж сууж байхаар очоод уулзъя гэхээр энэ хүнээс айх юм. Даралт нь ихсээд охиноо уруу татчих болов уу гээд айгаад юу ч хийж чадахгүй чимээ чагнаад л сууж байна. Шүүх хурал болох бүрд нь л гаргачих болов уу гэж бодоод горьдох юм. Гэвч гаргадаггүй ээ. Өнөөдөр /2023.12.25/ гарчих арга байна уу үгүй юу.
-Та хоёрын биеийн байдал сайн байгаа юу?
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн аав С.Наран: Даралт ихсээд эм тариагаар л болгож байна. Шөнө нойр хүрэхгүй, арай гэж унтахаар охиноо зүүдлээд сэрчихдэг.
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ээж М.Алдартуяа: Охиноо тэр хэцүү газраас гараад ирэхэд нь эрүүл саруул л сууж байх юмсан гэж бодох юм. Өөр хийж чадах юм бид хоёр байхгүй байна даа. Шөнө нэг, хоёр цаг хүргэж байж арай гэж унтдаг. Тэгээд өглөө дөрөв өнгөрөөгөөд сэрчихнэ. Иймэрхүү л байдалтай байна даа бид хоёр.
-Охиноо ийм хэрэгт орно гэж зүүдлээ ч үгүй л явсан байх даа?
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн аав С.Наран: Хэрэг төвөгт орно гэж ёстой бодож ч байсангүй. Ажлаа хийгээд сайхан явж байна л гэж боддог байлаа.
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ээж М.Алдартуяа: Миний охин ажлаа сайн хийгээд сайхан ч явсан даа. Юу ч гэж хэлэхээр юм. Хэдхэн хоногийн хорон дотор л хачин юм болчихдог юм байна. Аймар ч юм шиг, гайхмаар ч юм шиг, гомдмоор ч юм шиг. Гэхдээ хэндээ ч гэж гомдох вэ дээ. Заримдаа жаахан уйлах юм.
-ОХИНОО Л ТЭР ХЭЦҮҮ ГАЗРААС ГАРГААД АВЧИХВАЛ СЭТГЭЛ АМРАХ ГЭЭД БАЙНА-
-Одоо та хоёрын хувьд юу хүлээж байна?
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн аав С.Наран: Охиноо л гаргаад авчихмаар байна. Тэгвэл л сэтгэл амарчих гээд байна. Өөр ч бодох юм алга. Ажил төрөл ч яах вэ. Охиноо л гаргаад авчихвал сэтгэл амарна. Гарлаа л гэвэл гүйгээд л очно доо. Олон хоног болголгүй даруйхан л гаргамаар байна. Шорон гэдэг чинь шорон шүү дээ. Эмэгтэй хүнд ямар олиг байх вэ.
-Охин нь эргэж тойрч байгаа хүмүүсээр та хоёрт ямар үг дайлгаж байх юм?
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн аав С.Наран: Гайгүй байна л гэх юм. Мэдэхгүй. Хоёр дүү нь л очдог. Хоёр эгч нь нэг очсон байсан. Хоёр эгч нь хөдөө мал дээр байдаг юм. Одоо мал руугаа явчихсан. Манайхны тэрүүгээр цас зуд гэж айхтар. Машин явахгүй байгаа учраас ирж чадахгүй байна. Манай хүү байж байгаад уржигдар хөдөө явсан. Маргаашаас ирэх юм шиг байна. Малаа хүнд захиад ирэх юм. Мал бас хэцүү. Мал ч яах вэ гол нь охин маань л байна. Өөрөө бол шалгуулъя гэсэн. Анх хэргийг нь хаачихсан байсан. Гэтэл сүүлд нь ингээд сараар баривчлаад явчихдаг юм байна
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ээж М.Алдартуяа: Бид хоёр охиныхоо өмгөөлөгч нарыг худлаа ярихгүй байх л гэж боддог юм. Өмгөөлөгч нараас нь охиныхоо талаар асуухаар "Гайгүй байна. Та хэд сайхан тайван байж бай. Гарна аа” л гэдэг. Шүүх хурал боллоо л гэнэ. Тэгээд л хариуг нь сонсохоор сулладаггүй. Одоо бүр хаашаа ч хандахаа мэдэхгүй байна. Бид нар ч одоо тэгээд цагдаа, шүүхийг нь хараад л сууж байна.
Гэм хийсэн биш, хүн алсан биш гаргаад өгчих байх. Бид нарын хэл ам хаанаа ч хүрэх вэ дээ. Эхлээд найман ишигний хэрэг гэсэн. Сүүлдээ хилийн хориг тавьсан. Сүүлдээ тэгээд баривчилгаанд аваад явчихсан шүү дээ муу охиныг минь. Хууль зүйн сайд Б.Энхбаяр гэдэг хүн чинь л охиныг маань яриа авъя гэхэд нь өөрөө зугтаагаад л байсан. Хүн ч ер нь тэгдэг юм байна л даа. Хүнийг өдөж, хоргоож байгаад янз бүрийн юманд хийдэг бололтой юм байна. Тэр хүн "шантаажнаасаа сал" гэхчлэнгээр загнаад байгааг нь харсан. Сайд гэхэд хэцүү л хүн харагдаж байна лээ.
-Уучлаарай мэдээгүй байж магадгүй. Охин нь хорих ангид өлсгөлөн зарласан гэж байсан. Энэ талаар сонссон уу?
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн аав С.Наран: Охиноо хорих ангид 72 цаг өлсгөлөн зарласан гэдгийг сонсоод яаж байгаа юм бол доо. Муу охины минь бие нь дийлэхгүй үхчих вий дээ л гээд айж байлаа. Хүн алж, хүрээ талаагүй хойно хууль шүүхийн байгууллага нь үнэн мөнийг нь тогтоогоод гаргаад ирэх байх даа гэж найдаж байна. Охин минь дандаа л олныхоо төлөө зүтгэж явсан. Гурван өнчин хүүхдийг ард түмнийхээ дэмжлэгтэйгээр байртай болгож, цэрэгт амиа алдсан олон хүүхдийн талаар мэдээлэл бэлтгэж байсан шүү дээ.
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ээж М.Алдартуяа: Тэрийг нь анх сонсоод өөрөө бие муутай дийлэх болов уу үгүй болов уу гэж бодсон. Гэтэл даралт нь унаад өлсгөлөнгөө зогсоосон байсан. Охин нь хэлдэггүй л болохоос элэг муутай юм шүү дээ.
-БИД ХОЁР Ч ЯАХ ВЭ. ХОЁР МУУ НЯЛХ ХҮҮХЭД НЬ ШАР МАХТАЙГАА ХАТАЖ БАЙГААГ ХАРАХ Л ХЭЦҮҮ БАЙНА-
-Та хоёрын хувьд охиноо цагдан хоригдохоор нь охинтойгоор ойр гээд Улаанбаатарт ирээд байгаа юу?
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн аав С.Наран: Тийм ээ. Би өвөл нь энд хэдэн хүүхэд гардаг юм. Харин хавар мал төллөхөөр хөдөө гэртээ очдог. Гэхдээ ч одоо энэ хотод байх хэцүү байна. Даралт ихсээд. Харин хөшин маань хөдөө голцуу байдаг юм. Харин сая охин ингэлээ гээд хотод ирээд байгаа юм. Одоо охиныг минь л гаргаад өгчихвөл маш их баярлахаар байна. Өөр хүсэх юм алга даа. Өнөөдөр гарах арга байна уу гээд залбираад сууж байна.
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ээж М.Алдартуяа: Би хөдөө байж байгаад сая охиноо хоригдлоо гэхээр нь арай ойр юм гээд яваад ирсэн.
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэг саяхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Хууль зүйн сайд Б.Энхбаяр нарт хандаж, захидал бичиж, өөрийг нь суллаад өгвөл сэтгүүлчээрээ ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн байсан. Харин энэ нь олны анхаарлыг татаж байсан?
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн аав С.Наран: Охины бие үнэхээр гүйцэхгүй болоод аргаа барахдаа л сэтгүүлчийн ажлаа хийх ээ болъё гэсэн болов уу гэж бодож байна. Охиныг минь гаргаад л өгчихвөл тэр ажил ч яах вэ. Хийлгэхгүй байсан ч амьдарч болно.
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ээж М.Алдартуяа: Хүний эрхэнд байгаа охиныг минь тавлаж байгаа юм шиг саяхан нэг хүн фейсбүүк дээр "Чи ажлаа хийгээч, чи гараач" гээд аягүй муухай бичсэн байсан. Өнөөдөр нэр нүүр нь тодорхойгүй хүн бас "Өнөрөө жангаа ид. Чамайг буудаж ална" гэж бичсэн байсныг хараад үнэхээр их гомдсон. Ихэнх хүн охиныг минь суллагдаасай, гараасай гэж байхад ганц нэгэн хүн хүнийг дээрэлхэж, доромжилж байгаа юм шиг "Үхээсэй, хориосой" гэж бичсэн байдаг юм. Тэр хүмүүст миний охин ямар гэм хийсэн биш дээ. Тэрэнд л их гомдож сууна даа.
-Та хоёрын тухайд охиноо суллагдсаныхаа дараа ажлаа хийгээсэй гэж бодож байна уу эсвэл...?
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн аав С.Наран: Миний хувьд хэцүү л санагдаж байна. Олны хэл ам гэж айхтар юм.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ээж М.Алдартуяа: Охин минь хүн алж, хүрээ талсан биш дээ. Ажлаа хийх нь зөв л гэж бодож байна. Мэргэжил нь юм чинь өөр юу хийх вэ дээ.
-Хүүхдүүд нь ямар байгаа бол. Асран хамгаалагчгүй гэдэг асуудал байсан?
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн аав С.Наран: Манай том охины оюутан хүүхэд харж байгаа. Нааш цааш явдаг. Аав нь гэнэтхэн бие нь өвдөөд эмчилгээнд яваад хэцүү л байна. Бага хүүхэд нь хэцүү байна. Том нь ч гэсэн уйлаад л байгаа. Би ч очиж чадахгүй юм.
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ээж М.Алдартуяа: Уйлаад юм ярихаар дуугарахгүй. Тэгээд хоёр биеэ хараад уйлалдаад байдаг. Том хүү нь ч их хэцүү байгаа. Бага нь ч яах вэ. Юмны учир мэдэхгүй юм болохоор “ээж хөдөө явчихсан” гээд аргалаад л байж байна. Бид хоёр ч яах вэ. Тэр муу хоёр нялх амьтан л шар махтайгаа хатаж байгааг харах хэцүү байна даа.