Олон нийтийн сүлжээнд "Удган бөө" гэх нэрээр үзэл бодлоо илэрхийлдэг иргэн Б.Юмжирдуламыг Эрүүгийн хуулийн 13.14 дэх хэсэгт зааснаар буюу "Худал мэдээлэл тараах" гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тодруулбал, иргэн Б.Юмжирдулам нь цахим сүлжээнд лайв, бичлэг хийхдээ гэр бүлийн харилцаатай байсан гэгдэх иргэн Г болон түүний өндөр настай ээж, гэр бүлийнхнийг нь элдвээр гутаан доромжилж, ёс бус үгээр хэлж, заналхийлдэг байжээ.
Энэ үйлдэл нь удаан хугацаанд үргэлжилж, нэр төрд нь халдаж байсан тул иргэн Г болон түүний ах, эгч нар хуулийн байгууллагад гомдол гаргаж, энэ дагуу Орхон аймгийн цагдаагийн газарт шалгалтын ажиллагаа үргэлжилж байсан юм.
Тэгвэл тус хэргийг Орхон аймгийн цагдаагийн газраас шалгаж, иргэн Б.Юмжирдуламд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлээд байсан аж. Харин прокуророос уг хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Улмаар Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Юмжирдуламыг Эрүүгийн хуулийн 13.14 дэх хэсэгт зааснаар буюу худал мэдээлэл тараах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 800 мянган төгрөгөөр торгох ял оноосон байна.