н.Мөнхөө: Хураагдсан стрессээ буруугаар гаргасандаа харамсаж байна. Гэхдээ би Ерөнхийлөгч рүү бус бидний ирээдүйг хулгайлсан хулгайчид руу “дунд хуруу” гаргасан /ВИДЕО/

н.Мөнхөө: Хураагдсан стрессээ буруугаар гаргасандаа харамсаж байна. Гэхдээ би Ерөнхийлөгч рүү бус бидний ирээдүйг хулгайлсан хулгайчид руу “дунд хуруу” гаргасан /ВИДЕО/

Олон нийтийн цахим сүлжээнд нэр бүхий иргэдээс Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэр гутаан доромжилсон агуулга бүхий бичлэг, зураг нийтэлсэн үйлдлийг Зөрчлийн тухай хуульд зааснаар шалгаж, гурван иргэн болон гэр бүлд зөрчлийн хэрэг нээж, 100 мянган төгрөгөөр торгосон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Улмаар эл үйл явдалтай холбоотойгоор иргэд олон талын байр суурь илэрхийлж байгаа. Тухайлбал, зарим хуульчид хүн рүү бус гэртээ телевизтэйгээ харилцаж байхад зөрчлийн хэрэг нээх нь буруу гэж үзсэн бол зарим иргэд ерөнхийлөгчийн адил бүх иргэ эрхээ хамгаалуулахыг хүсэж байна гэх сэтгэгдлийг нийтэлжээ. Тэгвэл бид Зөрчлийн хэргээр шалгагдаж, торгуулаад буй телевиз рүүгээ “дунд хуруу” гаргасан гэх иргэн Мөнхөөтэй ярилцлаа.

ВИДЕО: 

Тэрбээр болсон явдлын талаар сэтгэгдлээ илэрхийлэхдээ, “Би он солигдох мөчид бичлэг хийж олон нийтийн сүлжээнд байршуулсан. Хэдийгээр тус бичлэгийг удалгүй устгасан ч аль хэдийнээ тарсан байсан юм байна лээ. Өглөө босоход бичлэг маань сошиалд тархаж маш олон хүнээс дарамт шахалт болон муухай сэтгэгдлүүд ирсэн байсан. Бичлэгийн хувьд Монгол Улсын иргэн хүн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй шүү дээ. Гэхдээ би үзэл бодлоо арай буруугаар илэрхийлж олон нийтийн сүлжээнд тавьсан. Энэ нь миний буруу уг үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Ерөнхийдөө олон сар жил хуримтлагдсан стрессээ буруу газартаа буруу үед буюу тухайн өдрийн сэтгэл хөдлөлөөс болж, буруу үйлдэл хийж, алдаа гаргасан. Би энэ буруугаа бол хүлээн зөвшөөрч байгаа. Мөн бичлэгийн хувьд санамсаргүй гэх юм уу. Гэр бүл дотроо л тэрүүхэн тэндээ болоод өнгөрсөн зүйл байсан. Сошиалд нийтлэх зорилго ч байгаагүй. Тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө гэр бүлийн гишүүн маань нийтэлсэн байсныг цаг хүрэхгүй хугацаанд устгасан.

Мөн би Монгол Улсын Ерөнхийлөгчид зориулж дунд хуруу гаргаагүй. Хүмүүс бас “Чингис хаан” –ы хөрөг рүүгээ гаргалаа” гэсэн байсан. Би тэгээгүй монгол хүний хувьд удаан хуримтлагдсан бухимдал, стрессээ нүүрсний хулгайчид гэхчлэн иргэдийнхээ ирээдүйг хулгайлсан хулгайчдад зориулж дунд хуруугаа гаргаж, буруу аргаар эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Хийсэн үйлдэл маань мэдээж миний буруу. Тэрийгээ ч сайн ойлгож байгаа.

Тэгээд маргааш нь бичлэгийг маань авч тавьсан хүмүүс рүү эхнээс нь холбогдож устгаж өгөхийг хүсэж, эхнээс нь устгуулж эхэлсэн. Яг тийм үед хүмүүсээс бичлэгийг маань устгаад өгөөч ах аа, эгч ээ гээд учирлаад гуйсан 10 хүний тав нь эрэгтэй, тав нь эмэгтэй байхад эрэгтэй хүмүүс нь “за дахиж битгий тэгээрэй. Муухай харагдаж байна лээ шүү” гээд устгаад өгчхөж байгаа юм. Харин эмэгтэй хүмүүс “хохино” гэж соёлын талаас нь харж харилцаж байсан. Тэрийг бол бас ойлгоно. Угаасаа миний буруу шүү дээ. Гэтэл тэр постууд дор муухай сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс нь ихэвчлэн ахмад насныхан болон эмэгтэй хүмүүс байсан. Хүний амнаас яаж гардаг юм гэмээр муухай үгсийг урсгасан байсан. Улмаар би өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон иргэдээс сошиалд ёс бус үйлдэл гаргасандаа уучлалт гуйсан.

Мөн хэргийн хувьд Зөрчлийн тухай хуулиар Тусгаар тогтносон улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан, гутаан доромжилсон, ёс бус үйлдэл гаргасан гэдэг үндэслэлээр шалгагдсан. Энэ нь миний буруутай үйлдэл мөн би буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэдгийг дахин хэлье.

Бас нэг хэлмээр байгаа зүйл маань гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгч ингэж эрхээ хамгаалуулдаг юм байж, тэгвэл Монголчууд бидний эрх яг хаана байгаа юм бэ. Бид Монгол Улсын иргэн Үндсэн хуульдаа эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гээд заачихсан байдаг шүү дээ. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй. Эрхээ хамгаалуулах ёстой. Утаагүй нийгэмд эрүүл амьдарч, эд хөрөнгөө дуртай үедээ хэрэглэмээр байна. Энэ чинь бидний эрх мөн биз дээ. Хэдий түгжрэлтэй ч өвлийн хүйтэнд даарч эрүүл мэндээрэй хохирч эрхээ зөрчүүлж алхмааргүй байна шүү дээ. Бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хэн хамгаалах юм, эрх нь зөрчигдөж байгаа хүүхдүүдийн минь эрхийг хэн хамгаалах вэ гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс асуумаар байна.

Мөн хүмүүс бас энэ үйл явдлыг улс төржүүлээд байна лээ. “Хэн юм. Хэний тролл юм” гэхчлэн. Би хэн ч биш. Би Монгол Улсын иргэн үүргээ биелүүлээд, үр хүүхдээ асарч хариуцлагатайгаар татвараа төлж маш сайн үүргээ биелүүлж яваа иргэн” гэсэн юм.