Г.Дамдинням: Дарханд байгаа ах дүү нар дээрээ очоод  бэлэн мөнгө барьж золгохоор сонгогч татсан хэрэгт орох уу

Г.Дамдинням: Дарханд байгаа ах дүү нар дээрээ очоод бэлэн мөнгө барьж золгохоор сонгогч татсан хэрэгт орох уу

УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг хийж байна. Сонгуулийн ерөнхий хорооны нэр дэвшигчээр Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан нар нэр дэвшээд байна.

Сонгуулийн ерөнхий хороо нь орон тооны хоёр, орон тооны бус долоон гишүүнтэй. Дээрх хоёр нэр дэвшигч нь орон тооны бус байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Цахим орчин дахь хуурамч хаягууд, гүтгэлэг, хиймэл оюун ухаанаар хийж буй үйлдлүүдийг 30 секундээс гурван цагийн хугацаанд тодруулж, олж чадна гэж цагдаагийн байгууллагаас хэлж байна. Сонгуулиар 126 хүн дэвшинэ. Дэвшиж буй хүн бүртэй холбоотой асуудал гарна. Энэ бүрд техник технологийн боломж бололцоо, хүн хүч тань хүрэлцэх үү. 

Сонгуулийн хуулиар бүртгэлтэй албан ёсны хаягаа өгөх юм байна. Албан ёсны бус хаягаас хиймэл оюун ухаанаар хийсэн хувиргасан дүрс бичлэгийг шалгаж шийдвэрлээд дуустал шууд хаах зохицуулалтыг журамдаа оруулж болох уу.  Сонгуулийн тухай хууль энэ сарын 1-нээс мөрдөгдөж эхэллээ. Ямар нэгэн бэлэг сэлт хүнээр дамжуулж өгөх, амлах, хямдралтай үнээр өгөх, сугалаа зохион байгуулах зэрэг бүгд хориотой. Тэгэхээр Сонгуулийн хуулийг ард түмэнд мэдүүлэх, түгээх ажлыг хэр хийж байна. Иргэд Сонгуулийн хууль зөрчиж буй үйлдлийг мэдээлэх ёстой. Үүнийгээ мэдэж байгаа юу. Машин тэрэг, хурдан морины сугалаа гээд янз янзын юм явж байна.  Оны бүгд өмнө амжууллаа, хууль чөлөөтэй байсан учраас болсон байх. Цагаан сар болно. Дарханд байгаа ах дүү нар дээрээ очоод бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө барьж золгохоор сонгогч татсан хэрэгт орох уу. Үүнийг ойлгомжтойгоор тайлбарлаж, соён гэгээрүүлэх ажлыг хэр  хийж байна. 

Хэвлэл мэдээллийн үнэ хөлс тэнгэрт хаджээ. Сонгуулийн сурталчилгааны 18 хоног гэж тодорхойлон Сонгуулийн хуульдаа оруулчихсан. Орон нутгийн телевизээр УИХ-ын гишүүн хагас жилийн ажлын тайлангаа тайлагнах төлбөр нь 30 сая төгрөг нэхэж байна.Хэвлэл мэдээллийг яах ёстой вэ. Хөрөнгө мөнгөгүй хүн өөрийгөө таниулах боломжгүй болж байна" гэлээ. 

Түүний асуултад СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Бид хуулийг хэрэгжүүлэх, сурталчлах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу арванхоёрдугаар сарын 31-ны дотор ажлаа өгсөн нэр дэвшигч, горилогч гэсэн хүмүүст арга зүйн зөвлөмжүүдийн боловсруулалт хийж байна. Маргаашаас эхэлж хэвлэл мэдээллийн байгууллагуудад Сонгуулийн тухай хуулийг ойлгуулах ажлуудыг эрчимтэй явуулна" гэсэн юм. 

ЦЕГ-ын дарга Т.Сүхболд "Хуурам хаягнаас худал мэдээлэл тараавал Харилцаа холбооны зохицуулах хорооноос шууд хязгаарлалт хийж хаах ёстой. Ингэхдээ тодорхой технологийг ашиглачих ёстой гэж бодож байна" гэлээ.