Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хятадаар ярьж буй мэт хуурамч бичлэгийг түгээсэн Б.Мөнхбат, Д.Алтанбаатар нарыг "Худал мэдээлэл тараасан" хэргээр яллагдагчаар татан, цагдан хорьж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хятадаар ярьж буй мэт хуурамч бичлэгийг түгээсэн Б.Мөнхбат, Д.Алтанбаатар нарыг "Худал мэдээлэл тараасан" хэргээр яллагдагчаар татан, цагдан хорьж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хятад хэлээр мэндчилгээ дэвшүүлж байгаа бичлэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 19-ны /2023.11.19/ өдөр цахим орчинд цацагдаж, энэ нь олны анхаарлыг татсан. Улмаар уг бичлэг нь хуурамч болохыг албаныхан мэдээлж, цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн байдаг. 

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 оны есдүгээр сарын 1-ний өдөр нийтэлсэн "Нийслэл Хар Хорум" нэртэй теле хичээлийн дүрс бичлэгийг өөрчилж, Хятад хэлээр ярьж буй мэтээр хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтээсэн 38 секундийн хуурамч бичлэг БНХАУ-ын Өвөр монголын Өөртөө засах оронд үйл ажиллагаа явуулдаг Радио телевизийн "Талын дуу хоолой" гэсэн нэртэй пэйж хуудсаар олон нийтийн сүлжээнд цацагдсан юм. 

Улмаар цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулж, уг бичлэгийг иргэн М, А нар цахим орчинд түгээсэн болохыг олж тогтоосон бөгөөд дээрх үйлдэл нь үндэсний тусгаар тогтнол, эв нэгдлийг эвдрэлцүүлэх, бусдын нэр хүнд, алдар хүндэд халдах, илтэд худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэдгийг тухайн үед цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан юм. 

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас дээрх хэрэгт иргэн Б.Мөнхбат, Д.Алтанбаатар нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Ингэхдээ тэднийг цагдан хорьж шалгаж байгаа бөгөөд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сараар сунгасан байна.

Тодруулбал,  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс "хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан" яллагдагч Б.Мөнхбат, Д.Алтанбаатар нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай прокурорын саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгаж шийдвэрлэжээ. Ташрамд өгүүлэхэд, дээрх яллагдагч нарыг Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл худал мэдээлэл тараах зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээлж байна. 

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1-д "Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заажээ.