“Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” тогтоолын төслийн хүрээнд эхний ээлжинд ЗГ-ын яам, агентлагуудыг Улаанбаатар хотоос нүүлгэнэ

“Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” тогтоолын төслийн хүрээнд эхний ээлжинд ЗГ-ын яам, агентлагуудыг Улаанбаатар хотоос нүүлгэнэ

УИХ-ын намрын чуулганыг энэ сарын 19-ны өдөр /2024.01.19/ завсарлуулна. Завсарлуулахаас өмнө хэд, хэдэн хуулийн төслийг УИХ-аар батлахаар төлөвлөж буй. Тэдгээрийн нэг нь “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл юм.

Уг тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар дэмжээд нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр баасан гарагт УИХ-д өргөн барьсан. Гардан ажиллаж байгаа хүн нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан.

-ЭХНИЙ ЭЭЛЖИНД ЯАМ, АГЕНТЛАГУУДЫГ УЛААНБААТАР ХОТООС НҮҮЛГЭНЭ-

Энэ бол төрийн зарим байгууллагуудыг Улаанбаатар хотоос нүүлгэх тухай агуулга бөгөөд уг тогтоолын төслийн хүрээнд эхний ээлжинд яамдуудыг нийслэл хотоос гаргахаар төлөвлөж байгаа аж. Эрх баригчид 21 аймгийг 7, Улаанбаатар хотыг 6 бүсэд хуваан УИХ-ын сонгуулиа зохион байгуулж, “Ирээдүйд Монгол Улсыг бүсчилж хөгжүүлнэ” гэж байгаа.

Үүнтэй уялдуулан төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах нь зүйтэй хэмээн дээрх тогтоолын төслийг өргөн барьжээ.

Тогтоолын төсөлд “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.6-д “Агентлагийн чиг үүрэг, үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны хамрах хүрээг харгалзан түүний байршлыг Засгийн газар тогтооно.” гэж заасны дагуу агентлагийн байршлыг энэ хуульд нийцүүлэн Засгийн газраас шийдвэр гарган тогтоож болох зохицуулалттай байна” гэж заажээ. Энэ заалтын дагуу Засгийн газар уг тогтоолын төслийг боловсруулж, яамдын байршлыг тогтоох нь. 

-АЖЛЫН БАЙРАА ДАГАН НҮҮЖ БУЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ОРОН СУУЦНЫ ДЭМЖЛЭГ, НИЙГМИЙН БАТАЛГАА ОЛГОНО. ЗАРДЛЫН ТӨСВӨӨС ШИЙДВЭРЛЭНЭ-

Яамдын дараа агентлаг болон  бусад төрийн байгууллагуудыг Улаанбаатар хотоос үе шаттайгаар нүүлгэнэ гэж  тогтоолын төсөлд бичсэн байна. Цаашлаад ажлын байраа даган Улаанбаатар хотоос нүүж буй төрийн албан хаагчдад орон сууны дэмжлэг үзүүлж, нийгмийн баталгааг хангах юм байна. Бүр төрийн байгууллага, албан хаагчдыг орон нутагт бүсчилсэн байдлаар шилжүүлэн байршуулахад шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг тооцон тухайн жилийн улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлэхээр зохицуулжээ.

Тогтоол батлагдсанаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах талаар бодитой арга хэмжээ авах боломж үүсч, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасгаж, хөгжлийн түвшинг ойртуулж бүсүүдийн хөгжлийн түвшинг эрэмбэ дараатай дээшлүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутагт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татаж  эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг бүрдүүлэн, шинжлэх ухаан, технологи, инновацийн үйлдвэрлэл, аялал жуулчлал,  худалдаа,  үйлчилгээг хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж тогтоолын төслийг санаачлагчид үзжээ. Гэхдээ тэд тандан судлах судалгаа болон үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоо хийх шаардлагагүй гэж үзсэн байна. Уг тогтоолын төсөл батлагдсаны дараа хамгийн эхэнд ямар байгууллагуудыг нүүлгэх үлдсэнийг хэр хугацаанд багтаан шилжүүлэх, хаана байршуулах зэрэг нь тодорхой болно.