З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг шүүх дахин цагаатгасан ч прокурор эсэргүүцэл бичиж, давж заалджээ

З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг шүүх дахин цагаатгасан ч прокурор эсэргүүцэл бичиж, давж заалджээ

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх 2023 оны тавдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар З.Баянсэлэнгэ, М.Болортуяа, Ж.Бурмаа нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж цагаатгасан магадлалыг прокурорын бичсэн хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй гэсэн эсэргүүцлийн дагуу хүчингүй болгосон билээ.  

Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, тус яамны Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Бурмаа, Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан М.Болортуяа нар бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 14,993,676,800 төгрөгийн хохирол учруулсан. Улаанбаатар хотод түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалын бүртгэлийг зогсоосон байхад 2016 оны долдугаар сарын 21-ний өдөр давхардсан тоогоор 177 иргэн, үүнээс З.Баянсэлэнгэтэй шууд болон шууд бус хамааралтай 25 иргэний материалыг “Түрээсийн орон сууцны корпорац” төрийн өмчийн үйлдвэрийн газарт хүргүүлэх чиглэл өгсөн хэрэгт тус тус холбогдоод байсан юм. Уг хэргийг  өнгөрсөн оны аравдугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд “шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатган, давж заалдах шатны шүүх нь тус шийдвэрийг хэвээр үлдээж байсан юм. 
 
Улмаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх З.Баянсэлэнгэ нарт холбогдох дээрх хэргийг 2023 оны есдүгээр сарын 28-ны өдөр хэлэлцээд хэргийг мөн цагаатгаж шийдвэрлэсэн аж. Харин уг хэрэгт прокурорт эсэргүүцэл бичиж, давж заалдах шатны шүүх өнөөдөр буюу нэгдүгээр сарын 11-ний өдөр З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг хэлэлцэхээр товлоод байсан юм. Гэсэн ч өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүх хурал хойшилсон байна.