Төрийн ордны гадна 200 орчим хоног хонож байгаа Б.Энхцэцэг гэж хэн бэ

Төрийн ордны гадна 200 орчим хоног хонож байгаа Б.Энхцэцэг гэж хэн бэ

Төрийн буруутай үйл ажиллагааны улмаас бизнес нь дампуурсан гэх иргэн Б.Энхцэцэг нь Төрийн ордны гадна суулт зарлаад 200 орчим хоног болж байна. Эхний саруудад ганцаараа эсэргүүцлээ илэрхийлж байсан тэрбээр сүүлийн өдрүүдэд бага насны охиныхоо хамтаар суултаа үргэлжлүүлэх болоод буй.

Хөхөө өвлийн хүйтэнд автомашиндаа хоног төөрүүлж, хагас жил илүүтэй өдөр суулт зарлаж байгаа Б.Энхцэцэг гэх эмэгтэй нь ямар учраас ийнхүү олон хоногоор суулт зарлах болов. Тэрбээр төрийн, хэн нэгэн эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас үүдэж хохирсон уу гэх олон асуулт өнөөдөр хариултаа нэхэж, олны анхаарлыг татаж байна. Тэгвэл бид энэ бүхний хариултыг хайлаа.  

-ТӨРИЙН ОРДНЫ ГАДАА 200 ОРЧИМ ХОНОЖ БАЙГАА Б.ЭНХЦЭЦЭГ ГЭЖ ХЭН БЭ-

Монгол Улсын иргэн Б.Энхцэцэг нь 2011 онд "Финанс холдинг” ХХК-ийг үүсгэн байгуулж мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Улмаар 2016 оноос БНХАУ-ын иргэн өөрийн нөхөр Liang You-ын хамт Хятад руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, адууны түүхий болон дулааны аргаар боловсруулсан мах бэлтгэн экспортлох үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Гэвч БНХАУ-ын Чанарын шаардлагад 2019 онд өөрчлөлт орсны улмаас цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон аж. 

Б.Энхцэцэгийн "Финанс холдинг” ХХК-ийн мэдээлэл

Мөн 2005 онд Монголд анх орж ирсэн түүний нөхөр Liang You нь Монгол Улсын хилээр нэвтрэхдээ хэд хэдэн удаагийн зөрчил гаргасан гэх шалтгаанаар 2019 оноос хойш Монгол Улсад нэвтрэх боломжгүй болжээ. Энэ бүхнээс шалтгаалан иргэн Б.Энхцэцэгийн бизнес бүтэлгүйтэж эхэлсэн гэх мэдээлэл байна. 

-Б.ЭНХЦЭЦЭГ НЬ 30 ТОНН АДУУНЫ МАХ ХАДГАЛУУЛЖ, 80 САЯ ТӨГРӨГИЙН ӨР ТӨЛБӨРТ ОРЖЭЭ-

Тодруулбал,  тэрбээр өөрийн бизнесээ үргэлжлүүлэх зорилгоор 30 тонн адууны мах худалдан авч “Эй Эйч Эйн Эс” ХХК-ийн мах махан бүтээгдэхүүн хадгалах агуулахад 2021 оны арваннэгдүгээр сараас эхлэн төлбөртэй хадгалуулсан байна. Гэвч түүний хувьд махаа экспортолж чадахгүй байдалд хүрсэн тул өнөөдрийг хүртэл агуулахаас махаа аваагүй байгаа бөгөөд нийт 80 сая төгрөгийн агуулахын өр төлбөрт орсон аж. Харин “Эй Эйч Эйн Эс” ХХК-ийн гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн Jiang Kai-ын зүгээс иргэн Б.Энхцэцэгт "Мах хадгалуулсан төлбөрөө бүрэн барагдуулсан тохиолдолд түүний махыг гаргаж өгнө" гэдгээ мэдэгдсэн байна. Бид энэ талаар болон гэр бүлийнх нь иргэн нутаг буцсантай нь холбоотойгоор бизнест нь хүндрэл гарсан эсэхийг иргэн Б.Энхцэцэгээс тодруулахад "Би хохирсон. Үүний буруутан нь төр, эрх мэдэлтнүүд. Тиймээс миний хохирлыг барагдуулж, буруутай хүмүүст хариуцлага тооцох ёстой. Харин хувийн амьдралаа ярих боломжгүй. Энэ нь та нарт хамаагүй" хэмээн илтэд дургүйцэж, "Мэдээлэл өгдөг сайтдаа яриа өгнө. Та нар үнэнийг гуйвуулах зорилготой харлуулах гэж элдэв юм асуулаа" хэмээсэн уурласан юм. 

-ХЯТАД ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ ОЛГОСОН ХЭМЭЭН ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЖ БАЙГАА Б.ЭНХЦЭЦЭГ 9 ТЭРБУМЫН ЗЭЭЛ ХҮСЧЭЭ-

Харин иргэн Б.Энхцэцэг нь өнгөрсөн оны долдугаар сарын 03 /2023.07.03/-ны өдрөөс эхлэн Төрийн ордны баруун хаалганы гадна суулт хийж эхэлсэн нь магадгүй энэ бүх нөхцөл байдлаас үүдсэн байж болзошгүй байгаа юм. Учир нь тэрбээр “...Мах экспортлох үйл ажиллагааг зогсоосон, Хятад улсын иргэдэд давуу байдал олгож байгааг эсэргүүцэн, шударга ёсыг хүсэж, миний махны бизнесийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжийг олгон квот өгч, мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөл олгох” хэмээн шаардаж эхэлсэн байдаг юм.

Мөн тэрбээр мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах зорилгоор ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн сангаас 9 тэрбум төгрөгийн зээл хүсэж, есөн удаа хандсан ч зээлийн шаардлага хангаагүй байна.

Магадгүй энэ бүхнээс шалтгаалан тэрбээр эсэргүүцлийн суулт зохион байгуулж, өөрийн бизнесийн үйл ажиллагааг дэмжүүлэх, хууль бус шаардлага тавьж төрийн байгууллага, албан тушаалтныг "шантаачилж" эрх бүхий албан тушаалтнаар шийдвэр гаргуулах зорилготой байхыг үгүйсгэхгүй юм.

Ийнхүү Төрийн ордны баруун талд 200 орчим хоног суулт зарлаад байгаа иргэн Б.Энхцэцэг нь сүүлийн өдрүүдэд бага насны охиныхоо хамт суултаа үргэлжлүүлж байгаа нь хүүхдийн эрхийг зөрчиж байгаа үйлдэл хэмээн төрийн байгууллагаас үзэж шаардлага тавьсан ч тэрбээр хүлээж аваагүй суултаа үргэлжлүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаад байгаа юм.