ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын ХБ-ны хэргийг хэрэгсэхгүй болгосныг эсэргүүцсэн прокурорын гомдлыг Давж заалдах шатны шүүх хэлэлцэхээр болжээ

ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын ХБ-ны хэргийг хэрэгсэхгүй болгосныг эсэргүүцсэн прокурорын гомдлыг Давж заалдах шатны шүүх хэлэлцэхээр болжээ

Нийслэлийн Прокурорын газраас Хөгжлийн банкны хэрэг нь хэрэгсэхгүй болсон УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын хүмүүсийн шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тодруулбал, Хөгжлийн банкны гэх хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, 32 хүн, 4 хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулж, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нарын 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Харин  прокуророос дээрх нэр бүхий 48 хүний хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон, мөн зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохироогүй, ял хөнгөдсөн гэж үзээд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичиж хүргүүлсэн байсан юм.

Мөн Хөгжлийн банкны хэргээр ял сонссон шүүгдэгч нар давж заалдах гомдол гаргаад байсан билээ. Тэгвэл дээрх гомдлуудыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр /2024.01.11/ хүлээн авч, хянан хэлэлцэхээр болсон байна. Товчхондоо, Хөгжлийн банкны гэх тодотголтой  80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хэлэлцэхээр боллоо. Ташрамд сонирхуулахад,  Хөгжлийн банкны дээрх хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх бүтэн гурван сарын хугацаанд хэлэлцэн, шийдвэрлэсэн байдаг юм.