Гэртээ 10.1 грамм “Мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалж байсан этгээдэд зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ

Гэртээ 10.1 грамм “Мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалж байсан этгээдэд зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ

“Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалж байсан этгээдэд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, тухайн этгээдэд зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ. 

Тодруулбал, шүүгдэгч Ш.З нь 2023 оны есдүгээр 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах  гэртээ цэвэр жин нь 10.1329 граммтай Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Метафитамин”-ын бодисын агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дээрх төрлийн бодис нь хараат байдлыг үүсгэж, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай байдаг аж. Тэгвэл шүүгдэгч Ш.З г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн байна.