ЗАРИГ.МН САЙТЫН РЕДАКЦААС: “Н.Өнөрцэцэгийг хоригдсоноос хойш бидэнд хүнд байгаа ч иргэдийн мэдэх эрхийн төлөө хичээн ажиллаж байна” /ВИДЕО/

ЗАРИГ.МН САЙТЫН РЕДАКЦААС: “Н.Өнөрцэцэгийг хоригдсоноос хойш бидэнд хүнд байгаа ч иргэдийн мэдэх эрхийн төлөө хичээн ажиллаж байна” /ВИДЕО/

Өнөөдөр 2024.01.13-ны өдөр. Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсноос хойш яг нэг сар, долоо хоног өнгөрчээ. Хоригдохоосоо хэдхэн минутын өмнө түүний редакцийнхаа хананд бичиж үлдээсэн Эрх чөлөө үнэтэй” гэсэн үг одоо ч тод байна. Харин тэр  хоригдсоныхоо дараа “Та нартаа хайртай шүү. Зоригтой байгаарай. Битгий санаа зовоорой. Надад хийсэн хэрэг байхгүй ээ” гэж ажлынхандаа дамжуулжээ. 

Түүний эзгүй нэг сар, ес хоногт аав ээж, үр хүүхэд, ах дүү нь шаналж, ажлынхан нь үгүйлэн хүлээсээр буй бол өмгөөлөгчид нь суллуулахаар ажиллаж, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн холбоо, Хүний эрхийн үндэсний комисс, Олон Улсын Сэтгүүлчдийн холбооноос зарчмын шаардлага бүхий байр сууриа илэрхийлж, ажиллажээ. Мөн АНУ түүний асуудлыг анхаарч, тус улсын зарим хэвлэл баривчилгаа тойрсон мэдээллийг дамжуулав. Эдгээрийн зэрэгцээ түүнийг баривчилсан асуудалтай холбоотой хэлэлцүүлэг, хэвлэлийн бага хурлууд ч хэдэнтээ болсон. Хэдий ийм арга хэмжээ, ажлуудыг хийсэн ч өнөөдөр Н.Өнөрцэцэг хоригдсон хэвээр байна. Тэгвэл цаашид яах вэ, тэр хэзээ суллагдах вэ гэдэг асуулт нэгэнт мухардалд оржээ. Өнгөрсөн арванхоёрдугаар 29-ны өдөр түүнийг цагдан хорих хугацааг дахин 30 хоногоор сунгах шийдвэрийг шүүхээс гаргасан нь итгэл найдварыг нэгэнт мөхөөж, хүлээхээс өөр аргагүй юм байна гэдэг нөхцөлд эргэлт буцалтгүй оруулжээ. Яг энэ үед бид Зариг.мн сайтын редакциар орж, тус сайтын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа, сэтгүүлчид нь ямар нөхцөлд ажиллаж буй талаар ярилцлаа.

ВИДЕО: 

-"ЭРХЛЭГЧИЙНХЭЭ ЭЗГҮЙД АЖЛАА УНАГАЧИХГҮЙ АВЧ ЯВАХ ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛИЙН ХАЖУУГААР ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ХАТУУ ШАЛГАЛТАД НУХЛАГДАЖ БАЙНА"-

Зариг.мн сайтынхан мэдээгээ бичиж, бичлэгээ тасдаж, сурвалжлагадаа гарах зэргээр бужигнасан ажлаар биднийг угтав.

Харин тэдэнд эрхлэгчийнх нь орон зай, хамтын ажиллагаа нь үгүйлэгдсээр байгаа, өрөө нь эзэнгүй  байгаа нь гунигтай байгааг хэлж байлаа. Эрхлэгчийнхээ эзгүйд ажлаа унагачихгүй авч явах хичээл зүтгэлийн хажуугаар хууль хяналтын байгууллагын хатуу шалгалтад ч тэд нухлагдаж байгаа аж.  

Мөн сэтгэл зовоож байгаа нэг асуудал нь сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баривчилсан үйл явдал өдрөөс өдөрт хуучирч, салбар нэгтнүүд мартах зүгт хандаж байгаа нь гэдгийг Заригийнхан хэлж байлаа. Зариг сайтын ерөнхий редактор Ш.Адъяамаа “Өнгөрсөн нэг сарын хугацаанд бид эрхлэгчийгээ гарчих байх гэж итгэж найдаж, хүлээж байсан. Энэ хугацаанд Зариг.мн сайтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа ч бидний сэтгэл зүй хүнд байгаа. Бүрэн хүчин чадлаараа ажиллахад ч хязгаарлагдмал байгаа. Сайтын үйл ажиллагаатай холбоотой тодруулах зүйл хуулийн байгууллагад байх шиг байна лээ. Шалгаж байсан асуудал нь хүнд гэмт хэрэг биш учраас удахгүй гаргах байх гэж найдаж байна” хэмээн намдуухав ярив.

Өнгөрсөн долоо хоногт цагдаагийн байгууллагаас тус сайтын редакцид нэгжлэг хийсэн. Мөн сэтгүүлч, зураглаачдыг нь ээлжилж дуудан “Хэрхэн мэдээндээ гардаг. Хаанаас мэдээллээ олж авсан” зэргээр асуух болон бусад шалгалтыг байнга явуулж байгаа аж. Энэ талаар илүү дэлгэрэнгүй ярих нь мэдээж хуулийн хувьд боломжгүй.   

-ЭРХЛЭГЧИЙГ ЯВУУЛСНААС ХОЙШХИ ХОЁР ДОЛОО ХОНОГТ МАНАЙ АЖИЛЧДЫН СЭТГЭЛ ЗҮЙ ЦОЧРОЛЫН БАЙДАЛТАЙ БАЙСАН-

Сэтгүүлч Н.Мичидмаа “ Эрхлэгчийг явуулснаас хойшхи хоёр долоо хоногт манайхны сэтгэл зүй цочролын байдалтай байсан. Уйлсан, сэтгэлээр унасан л байдалтай байлаа. Тэгээд бодсон. Бид сайн ажиллах ёстой юм байна. Эзгүйд нь гал алдахгүй, үзэлт хандалтаа бууруулахгүй байя гэж хичээж ажиллаж байна. Энэ л бидний чадах дэм юм. Тэр хүний орон зай маш их үгүйлэгдэж байгаа. Иргэд эрхлэгчид их хайртай. Тэр хэрээр итгэж мэдээллээ өгдөг байсан. Эрхлэгч түүнийг нь шийдэхийн төлөө их сэтгэл тавин явдаг байсан” гэсэн юм.

Зариг.мн-ийнхэнд нааштай гэх итгэл өгч байгаа найдвар нь Н.Өнөрцэцэгийг суллуулахын тулд олон улсын байгууллагууд дотоод болон олон улсад ажиллаж буй байдал.

Зариг.мн сайтын сэтгүүлч Ц.Цэрэнбадам “Манай эрхлэгчийг цагдан хоригдсоноос хойш "Глоб интернэшнл" байгууллага, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллага гараа хумхиж суугаагүй. Эрх мэдлийнхээ хүрээнд дотоод болон гадаадад ажилласан. Хүний эрхийн үндэсний комиссоос Хүний эрхийн хороо хуралдаж тодорхой хэмжээний дүгнэлт гаргасан.  Сэтгүүлч бол олон улсад хүний эрхийг хамгаалагч гэдэг статустай байдаг. Хүний эрхийн хамгаалагчийнхаа үүргийг гүйцэтгэж байсан сэтгүүлчийг Эрүүгийн хуулийн 13.14 заалтаар буруутгаж хорьсоныг олон улсын байгууллагууд зохимжгүй гэж үзэж байгаа. Хүний эрхийн үндэсний комиссын дүгнэлтэд “Сэтгүүлчийн шалгагдаж буй хэрэгтэй холбоотойгоор сайтын үйл ажиллагааг хаасан нь зохимжгүй" гэдэг дүгнэлтийг гаргасан.

Мөн Хүний эрхийн үндэсний комиссоос манай эрхлэгчийн хоригдож буй нөхцөл байдалтай очиж танилцсан. Хувийн байдалтай нь холбоотой дүгнэлтийг өөрт нь танилцуулсан гэсэн.

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Олон улсын сэтгүүлчдийн  байгууллагад хандсан. Олон улсын сэтгүүлчдийн байгууллагаас Засгийн газарт хандан уриалга гаргасан. Манай улс бол үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг Үндсэн хуулиндаа тусгасан улс. Гэтэл энэ эрхээ эдэлж, мэргэжлийн үүргээ биелүүлсэн сэтгүүлчийг цагдан хорьсон үйлдэл нь олон улсад зохимжгүй харагдаж байгаа.  Шүүхийн процесс явагдаж буй учир Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, манай редакц нэлээн хүндэтгэлтэй хандаж аль аль талдаа хүндэтгэлтэй хандаж байна" гэсэн юм. 

-ЕРӨНХИЙ РЕДАКТОР Ш.АДЪЯАМАА: ХОЁР ХҮҮ НЬ ЭЭЖИЙГЭЭ МАШ ИХ САНАЖ ХҮЛЭЭЖ БАЙНА. БИД ЭРГЭЖ, ТОЙРЧ БАЙГАА -

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн биеийн байдал тааруу, сэтгэл санаа тогтворгүй байгаа талаар ар гэрийнхэн нь энэ сарын 03-ны өдөр /2024.01.03/ хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдэгдсэн. Тэр өөртөө болон хамт хоригдож буй эмэгтэйчүүдэд байнгын эм захиж байгаа аж. Энэ талаар Зариг.мн сайтын сэтгүүлч М.Төгөлдөр " Манай эрхлэгч үргэлж л олны төлөө сэтгэл тавьдаг. Хамт хоригдож байгаа эмэгтэйчүүддээ эм захисан байна лээ. Энэ талаар сонсоод яг л манай эрхлэгчийн мөн чанар мөн дөө гэж бодож байлаа. Бөөр, нуруу нь өвдөж байгаа гэсэн. Цагдан хорих 461 дүгээр ангид ар гэрийнхнээс нь өөр хүнийг оруулах боломжгүй гэсэн. Энэ дагуу бид очиж уулзаж чадахгүй байгаа. Ар гэрийнхэн нь өнгөрсөн сар гаруйн хугацаанд гурван удаа л уулзсан. Зарим тохиолдолд уулзах зөвшөөрлийг нь өгөхгүй хүнд суртал гаргаж байгаа. Бидний зүгээс ар гэрийнхнээр нь дамжуулан хэрэгтэй зүйлсийг нь өгч  байна" гэсэн. 

Харин хоёр хүүгийнх нь хувьд ээжийгээ маш их хүлээж байгаа, сэтгэл зүйн хувьд эмзэг байгаа нь тодорхой. Тиймээс Зариг.мн-ийнхэн цаг заваараа очиж хүүхдүүдийг нь тоглуулах зэргээр эргэж, тойрч байгаа талаар ерөнхий редактор Ш.Адъяамаа хэлсэн юм.

Тэрбээр үргэлжлүүлэн "Эрхлэгч маань хоригдохынхоо өмнө редакцийнхаа хананд "Эрх чөлөө үнэтэй" гэж бичээд явсан. Тухайн үед бужигнаад энэ үгийг сайн анзаараагүй. Явсных нь дараа тогтож харахад үнэхээр их сэтгэл хөндүүрлэсэн.  Энэ үг өөрт нь ямар учир утгатайг гарч ирснийхээ дараа өөрөө хэлэх байх. Гэхдээ хэнд ч эрх чөлөө үнэтэй" гэсэн юм. 

Зариг.мн сайтынхан: Хоёрдугаар сарын 04-н бидний баяртай уулзах өдөр байна гэсэн итгэл биднээс ХОРОМ Ч ХОЛДООГҮЙ