Ханбогд суманд осолд орсон иргэнийг ОБЕГ-ын 111 дүгээр ангийн нисдэг тэргээр Улаанбаатарт авчрахаар боллоо

Ханбогд суманд осолд орсон иргэнийг ОБЕГ-ын 111 дүгээр ангийн нисдэг тэргээр Улаанбаатарт авчрахаар боллоо

Өмнөговь аймгийн Ханбогд суманд том тэрэгний жолооч Т.Г нь осолд орж хүнд гэмтсэн бөгөөд онгоц олдохгүйн улмаас түүнийг Улаанбаатар руу зөөвөрлөж чадахгүй байгаа талаарх тодруулгыг бид өмнө нь хүргэсэн билээ. 
 
Тэгвэл тухайн жолоочийг маргааш ОБЕГ-ын 111 дүгээр ангийн нисдэг тэргээр Улаанбаатарт авчрахаар болсон байна. Энэ талаар Шадар сайдын Ажлын албанаас дараах мэдээллийг хүргэлээ. Тус мэдээлэлд "Өмнөговь аймгийн Ханбогд суманд тээврийн жолооч осолд орсны улмаас биеийн байдал нь хүнд байгаа тухай мэдээллийн дагуу ар гэртэй нь холбогдож, ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас маргааш өглөө 08.30 цагт нисдэг тэрэг нисгэхээр болсныг дуулгалаа. Хоёр талын Нислэгийн нийт хугацаа 7 цаг гаруй үргэлжлэх тул өнөөдөр нислэг үйлдэх боломжгүй гэж мэргэжлийн баг үзэж байгаа юм.
 
Монгол Улс, Монголын төр нэг ч гэсэн иргэнийхээ амь насыг авран хамгаалахын төлөө шаардлагатай бүхнийг хийх болно. Тийм ч учраас ийм яаралтай үед шуурхай тусламж үзүүлэх зорилгоор ОБЕГ-ын дэргэд Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийг 2022 онд байгуулсан. Өнгөрсөн хугацаанд тус анги нийт 94 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, ослын улмаас бэртэж гэмтсэн, газраар тээвэрлэх боломжгүй 133 хүний амь насыг аварч, анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн, дараагийн шатны эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хүлээлгэн өгөөд байгаа юм" гэжээ.