"Ламын гэгээний улаан" тэмээг шинэ үүлдрээр, Цагаан-Овоогийн хар ямааг шинэ омогоор баталжээ

"Ламын гэгээний улаан" тэмээг шинэ үүлдрээр, Цагаан-Овоогийн хар ямааг шинэ омогоор баталжээ

Манай Улс Ламын гэгээний улаан гэгддэг тэмээг 2017 оноос хойш ноос, сүү, махны чиглэлээр Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь, Богд, Жинст сумдад үржүүлж буй. Тэгвэл тус үүлдрийг өнгөрөгч даваа гарагт болсон ХХААХҮЯ-ны сайдын зөвлөлийн хурлаар шинэ үүлдэр хэмээн баталжээ.

Ламын гэгээний улаан тэмээ говь болон тал хээрийн бүс нутагт тохиромжтой, монгол тэмээ болон бусад үүлдрийн тэмээнээс мах, сүү болон ноосны гарц илүү байдаг. Түүнчлэн сайдын зөвлөлийн хурлаар Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт үржүүлж буй Цагаан-Овоогийн хар ямааг шинэ омгоор баталжээ. Энэ ямаа нь тухайн орон нутгийн онцлог, уламжлалт маллагааны арга барилд зохицсон, ашиг шим сайтай, ноолуурын чиглэлийн ямаа юм. Мөн бусад үүлдэр, омгийн ямаатай харьцуулахад өвөл, хаврын улиралд тарга хүчээ бага алддаг, ноолуур нь хавар эрт хөөрдгөөс гадна цайвар өнгийн уртлаг, нарийн учраас зах зээлд илүү өндөр үнээр борлуулах боломжтой байдаг аж.