Их Британи, Умард Ирландын нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас хүсэлт ирүүлсэн тул "ЛОНДОНГИЙН ГУДАМЖ"-ийг Улаанбатаар байгуулахаар болжээ

Их Британи, Умард Ирландын нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас хүсэлт ирүүлсэн тул "ЛОНДОНГИЙН ГУДАМЖ"-ийг Улаанбатаар байгуулахаар болжээ

Улаанбаатар хот "Лондонгийн гудамж", "Сүбээдэй баатарын гудамж"-тай болно. Тодруулбал, Их Британи, Умард Ирландын нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас НИТХ-д, Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Монгол Улс, Их Британи, Умард Ирландын нэгдсэн Хаант улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын аль нэг гудамжийг Лондон хотын нэрэмжит болгох хүсэлтийг хүргүүлсэн байна. 

Мөн зураач, чөлөөт уран бүтээлч, аялагч, нийтлэлч, Монголын эртний түүх судлаач Т.Энхбаатараас Монголчуудын эр оронч үзлийг бадраах зорилгоор Монголын Үндэсний баатар, Чингис хааны есөн өрлөг баатарын нэг, Дэлхийн шилдэг 10 жанжны нэг Урианхан овгийн Хабаны хөвүүн Сүбээдэй баатарын мэндэлсний 850 жилийн ой 2025 онд болохтой холбогдуулан Улаанбаатар хотын төвд аль нэг гудамжийг нэршүүлэх хүсэлтийг хүргүүлсэн аж. 

Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын "Нэрийн комисс" хуралдаж, дээрх хүсэлтүүдийг хэлэлцэн дэмжсэн байна. Тиймээс Нийслэлийн Засаг дарга "Зарим гудамжинд нэр өгөх тухай" тогтоолын төслийг НИТХ-д өргөн мэдүүлсэн байна.

  • Тус тогтоолын төсөлд "Баянгол дүүргийн 26 дугаар хороо, нарны гүүрнээс зүүн тийш нарны хорооллын урдуур Чингисийн өргөн чөлөөний доогуур зүүн тийш нарны замын нүхэн гарц хүртэл 1.8 км авто замыг "ЛОНДОНГИЙН ГУДАМЖ",
  • Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, шагайн харвааны байрны зүүн тал, Нийслэл хүрээ өргөн чөлөөнөөс хойш Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талаар Махатма Гандигийн гудамж хүртэл 0.5 км авто замыг "СҮБЭЭДЭЙ БААТАРЫН ГУДАМЖ" болгох саналыг тусгасан байна. 

Ташрамд сонирхуулахад, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Фиона Блайт  өнгөрсөн оны наймдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан байдаг.