Гологдсон "Ногоон автобус"-уудыг Дарханд нийтийн тээвэрт үйлчлүүлэхээр явуулсан уу

Гологдсон "Ногоон автобус"-уудыг Дарханд нийтийн тээвэрт үйлчлүүлэхээр явуулсан уу

Манай улс өнгөрсөн онд БНСУ-ын "Zyle Daewoo Bus" компаниас 600 гаруй автобус авах гэрээг байгуулсан. Ингээд есдүгээр сард эхний 100 орчим автобусыг авчирсан ч будаг нь ховхорч, зэв үүсэж, төмөр хавтан гагнасан байдалтай байсан. Тээврийн хэрэгслийн дугаарыг нь хайхад 1993 оны үйлдвэрлэсэн автобусууд болох нь тогтоогдсон. Ийнхүү маргаан дэгдээж эхэлснээр Авлигатай тэмцэх газар шалгалт хийж, 21 иргэн, гадаадын дөрвөн иргэнийг баривчилсан. Асуудлын гол нь Вьетнамд угсарсан 100 орчим хуучин автобусыг тендер зарлалгүйгээр нууцаар оруулсанд байгаа юм. Үүний дагуу төрийн албан хаагчдыг авлигын хэрэгт сэжиглэн шалгаж байгаа. 

Мөн УИХ-аас Хянан шалгах түр хороо байгуулагдан "Ногоон автобус"-ны худалдан авалтыг тойрсон асуудлыг шалгахаар болсон юм. Урьдчилж авсан 100 автобусыг БНСУ-д буцаагаагүй бөгөөд "Тэнүүн-Огоо" ХХК-ийн агуулахад өнөөдрийг хүртэл хадгалсан гэх мэдээлэл бий. Цаашлаад автобус худалдан авсан мөнгөө ч олж авах боломжгүй талаар Түгжрэл хариуцсан сайд Б.Дэлгэрсайхан мэдэгдсэн байдаг билээ. Тэгвэл "Ногоон автобус"-уудыг Дарханд нийтийн тээвэрт үйлчлэхээр явуулсан гэх мэдээлэл байна. Тус автобусуудыг хөдөө явуулж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигджээ.