Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигч иргэд 2024 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн Бүгд Найрамдах Индонез Улс руу аялал жуулчлалын зорилгоор зорчих болон дамжин өнгөрөх тохиолдолд тус улсын хилийн боомт дээр виз мэдүүлж, авах боломжтой болжээ.
Тус улсын хилийн боомт дээр (Visa on Arrival) виз мэдүүлэх боломжтой орны жагсаалтад Монгол Улсыг нэмснээр манай иргэд өмнө нь 150 ам.доллароор мэдүүлж байсан Индонезын богино хугацааны /30 хүртэл хоног байх/ аялал жуулчлалын визийг 35 ам.доллароор мэдүүлж, авах боломжтой болсон тул иргэд Индонез улсад зорчихдоо тус улсын хууль, дүрмийг чанд сахиж, визийн хугацааг хэтрүүлэхгүй байхыг зөвлөлөө.
Индонез улсын хилийн боомт дээр виз мэдүүлж авахад тавигдах шаардлага:
- Энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй байх
- Буцах нислэгийн тийзтэй байх
- Бүгд Найрамдах Индонез Улсын гаалийн https://ecd.beacukai.go.id цахим холбоосоор нэвтэрч, гаалийн мэдүүлгийг цахимаар бөглөж, QR код бүхий мэдүүлгийг гар утас, эсхүл цаасан хэлбэрээр татан авч, хилийн холбогдох ажилтанд үзүүлэх, эдгээр болно.
- Дээр дурдсан аялал жуулчлалын болон албан ажлаар зорчих, эсхүл дамжин өнгөрөх визийг тус улсад зорчихоосоо өмнө урьдчилан мэдүүлж авах боломжтой бөгөөд энэ тохиолдолд Бүгд Найрамдах Индонез Улсын Шилжилт хөдөлгөөний байгууллагын https://evisa.imigrasi.go.id холбоосоор нэвтэрч, холбогдох визийг цахим хэлбэрээр мэдүүлнэ гэж ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.