“Монголын тэмээн соёл” улсын зөвлөгөөн Баянхонгор аймагт боллоо. Энэхүү зөвлөгөөнд 7 аймгийн 20 гаруй сумын нийт 100 гаруй тэмээчид, малчид хүрэлцэн ирж оролцсон байна. Энэ хүрээнд тэмээний буухиа уралдаан, тэмээний парад, сайхан тэмээтэй хос, шилмэл буур, шилмэл ингэ шалгаруулах, буйл зорох, бурантаг томох, 3 насны тэмээ уралдуулах зэрэг тэмцээн уралдаан, тэмээний гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулжээ.
1988 оноос хойш буюу 36 жилийн дараа Баянхонгор аймагт зохион байгуулж буй уг улсын зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ тэмээн сүргээ өсгөх, ашиг шимийг нь бүрэн, зөв ашиглах, брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг чиглэлээр сүүлийн жилүүдэд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ихээхэн идэвх санаачилгатай ажиллаж байгааг сайшаав. Мөн цаашид тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулан, олшруулан өсгөж, Монголын “тэмээн соёл”, хоёр бөхт монгол тэмээ, түүнээс гардаг ашиг шимээр дэлхийд өрсөлдөхийн төлөө хичээн зүтгэх нь нэн чухал байгааг онцолжээ.
Тэмээчдийн туршлагыг харилцан солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэн алдаршуулах, тэмээчдийн залгамж халааг бэлтгэх, гадаад, дотоодын жуулчдыг татахад “Монголын тэмээн соёл” наадам чухал ач холбогдолтойг зохион байгуулагчид онцолж байна. 2023 оны урьдчилсан тооллогоор манай улсад 473.9 мянган тэмээ тоологдож, өнгөрсөн оныхоос 3.4 мянгаар өссөн. Өмнөговь аймаг 157.2 мянган тэмээ тоолуулж улсад тэргүүлсэн бол Дорноговь аймаг 54.5, Баянхонгор 48.9, Говь-Алтай 47.4, Дундговь 43.7 мянган тэмээгээр эхний 5 байрт жагсжээ.
Монголын хос бөхт тэмээн сүрэг, түүнийг адуулан маллах “тэмээн соёл” бол Монголын бахархал, дэлхийд гайхуулах нүүдэлчдийн өвөрмөц нэгэн ёс заншил, аж төрөл хэмээн зөвлөгөөнд оролцогчид, тэмээчид бахархаж байна. Улсын зөвлөгөөнийг зохион байгуулсан Баянхонгорчуудын тухайд хуучнаар Шавийн хүрээний нутагт үе дамжин өсгөн үржүүлж ирсэн Ламын гэгээний улаан тэмээгээ энэ оны эхэнд үүлдэрээр батлуулж чадсан. Мөн нэг литр ингэний сүүг малчдаас 10 мянган төгрөгөөр худалдан авч, өдөрт 300 кг ингэний хатаамал сүү үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Говь-Алтай аймаг “Төхөм Тунгалагийн хүрэн” үүлдрийн, Завхан аймаг “Завхан Хүнгүй” хэвшлийн тэмээгээ өсгөн үржүүлж, Өвөрхангай аймаг “Монголын хоолойн тэмээ”-гээ, Ховдынхон “Дөргөний тэмээ”-гээ “Омог” болгон батлуулахаар ажиллаж байгааг зөвлөгөөний үеэр зарласан юм. Мөн Өмнөговь аймагт “Ингэн тагш” нэртэй ингэний хоормог, Баянхонгор аймгийн “Их халбаганат” компани ингэний сүүгээр хийсэн тараг, бялуу, зайрмаг зэрэг амттан үйлдвэрлэж байгаагаа танилцуулав.