Өнгөрсөн шөнө 01.06 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн орчимд газ тээвэрлэж явсан автомашин суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас их хэмжээний гал гарч гурван хүн амь насаа алдаад байна.
Мөн түлэнхийн төвд 10, Цэргийн төв эмнэлгийн хордлогын тасагт 1, Эх хүүхдийн үндэсний төвд 3 хүүхэд хүргэгдэж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Ослын улмаас 62 өрхийн 178 иргэн эрүүл мэнд, эдийн засгаараа хохирсон гэж албаны байгууллага мэдэгдээд байна.
Тэгвэл манай улсад суугаа буй Герман /ХБНГУ/, АНУ-ын элчин сайдууд албан ёсны цахим хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлжээ. Тодруулбал, АНУ-ын Элчин сайдын яамны албан ёсны хаягт “Өнгөрсөн шөнө Дүнжингарав худалдааны төвийн орчимд аймшигт осол гарсанд гүнээ харамсаж байна. Сэтгэл донсолгосон энэхүү ослоор амь насаа алдсан ОБЕГ-ын албан хаагчдын ар гэр, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье. Гэмтсэн иргэдийг хурдан, бүрэн эдгэрэхийг хүсэж, энэхүү ослоор ойр дотнынхон, хамтран ажиллагсдаа алдсан, эд хөрөнгөөрөө хохирсон хүмүүст дахин гүн эмгэнэл илэрхийлье. Элчин сайд Буанган” гэжээ.
Г.ЭНХЗУЛ