Өнгөрсөн шөнө /2024.01.24/ Дүнжингарав худалдааны төвийн уулзварт гарсан галын нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын онцгой комиссоос мэдээлэл хийж байна. Уг галын улмаас онцгой байдлыг гурван алба хаагч амь насаа алдсан. Уг харамсалтай үйл явдалтай холбоотойгоор Улсын онцгой комиссоос эмгэнэл илэрхийллээ.
Амиа алдсан алба хаагчдад тухайн үед ямар тушаалыг өгсөн талаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян " Дуудлагын дагуу манай алба хаагчид ослын газарт очиход газ тээвэрлэж явсан машины 60 тонны ёнкос нэлээн хазайсан байдалтай, шатлага нэлээн дэлгэрсэн, ойролцоох автомашинуудад галын тархалт тархсан байдалтай байсан. Нөхцөл байдал хүндэрсэн байсан учраас нэмэлтээр анги, байгууллагуудыг татаж оролцуулсан. Гал унтраахдаа тактикийн болон ажиллагааны алдаа гаргаагүй. Монгол Улсад үйлчилж буй гал унтраах дүрмийн дагуу гал унтраах удирдагч тухайн нөхцөл байдлын үнэлгээг хийх зорилгоор ажиллаж байх явцад 40 метрийн алслалтай ёнкост хүчтэй дэлбэрэлт бий болж шидэгдсэнээр манай гурван алба хаагч харамсалтайгаар амь насаа алдсан. Тухайн үед 63 дугаар ангийн 8 алба хаагч, хоёр автомашинтайгаар ажилласан. Тэд Санни Таун хотхоны хажууд байрлаад гал унтраах дүрмийн дагуу хүчтэй гал унтраах хошууг галын дагуу чиглүүлж байсан. Тэр хооронд бусад гурван алба хаагч нөхцөл байдлыг үнэлж байх хооронд ийм асуудал гарсан. 40-100 метр гэсэн хэмжээ дүрэмд байхгүй. 60 айлын орон сууцнаас бүх иргэнийг авран гаргаж, 13 дугаар хорооллын зочид буудалд нүүлгэн шилжүүлсэн. Хамгийн сүүлд хоёр айлын иргэнтэй холбогдож чадахгүй байсан. Дараа нь тэдэнтэй холбогдоход хүний эрүүл мэнд амь нас хохироогүй байсан" гэлээ.
ВИДЕО: