С.Чинзориг: Гурван иргэний биеийн 80-90 хувь түлэгдсэн маш хүнд байна

С.Чинзориг: Гурван иргэний биеийн 80-90 хувь түлэгдсэн маш хүнд байна

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Дүнжингарав худалдааны төвийн орчимд 60 тонн газ тээвэрлэж явсан машин осол гаргаж, дэлбэрсний улмаас 10 хүн түлэгджээ.

Иргэдийн биеийн байдлын талаар ЭМ-ийн сайд С.Чинзориг "Одоогоор ГССҮТ түүний харьяа Түлэнхийн төвд нийт 10 хүн ослын улмаас түлэгдэж, хэвтэн эмчлүүлж байна. Гурван хүний биеийн байдал маш хүнд. Биеийн 80-90 хувь түлэгдсэн.Хоёр иргэний биеийн 35-45 хувь түлэгдсэн бөгөөд хүнд, таван иргэний биеийн 18-25 хувь нь түлэгдсэн хүндэвтэр, эмчилгээ хийгдэж байна.

Эрүүл мэндийн салбар байгууллагууд эм, тарианы нөөцийг гаргаж байгаа, тасарсан асуудал гараагүй байна.Галд өртсөн 60 айлын орон сууцны тодорхой иргэдийг 13 дугаар хорооллын "Күүпер" зочид буудал байршуулсан. Эдгээр иргэдэд сэтгэл санааг нь тайвшруулах эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх гурван баг ажиллаж байгаа.Долоон оператор эрүүл мэндийн 119 дугаараар зөвлөгөө өгч байна" гэсэн мэдээллийг өглөө.