Ачааны автомашинтай мөргөлдсөн Ниссан Патрол машин нь төрийн албанд бүртгэлтэй бөгөөд БХЯ-ны газрын захирал Э.Мөнх-Наран унаж явжээ

Ачааны автомашинтай мөргөлдсөн Ниссан Патрол машин нь төрийн албанд бүртгэлтэй бөгөөд БХЯ-ны газрын захирал Э.Мөнх-Наран унаж явжээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт газ тээвэрлэж явсан автомашин суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас дэлбэрч, ойр орчимд нь гал тархан онцгой байдлын гурван алба хаагч амь насаа алдсан ноцтой осол өнгөрсөн шөнө /2024.01.24/ гарсан. 

Энэ талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян " Галын шалтгааныг урьдчилсан байдлаар дүгнэхэд байгалийн шингэрүүлсэн хий буюу газ тээвэрлэж явсан автомашин тойрог дээр хөдөлгөөн хийхдээ зай талбайг анзаарахгүй давхар хий эргэлт хийж суудлын автомашинтай мөргөлдсөн" гэсэн билээ.

Тэгвэл осол гарах үед ачааны автомашинтай мөргөлдсөн Ниссан патрол Y-62 суудлын автомашиныг БХЯ-ны Барилга захиалагчийн алба Төрийн Өмчит Аж Ахуйн тооцоот Үйлдвэрийн газрын захирал Э.Мөнхнаран унаж явжээ.

Түүний унаж явсан 14-59 УНМ улсын дугаартай машин нь төрийн албанд бүртгэлтэй байсан бөгөөд ажлын бус цагаар ямар шалтгаанаар уг машиныг унаж явсан талаараа мэдүүлэг өгч байгаа ажээ. Харин "Дашваанжил" ХХК-ийн машиныг жолооч Ч.Ренчиндорж унаж явсан бөгөөд тус жолоочоос яг мэдүүлэг авч байна. Одоогоор галын улмаас 60 айлын орон сууц шатаж, ойролцоох обьектуудад гэмтэл гарч, түлэнхийн төвд 10 иргэн эмчлүүлж байгаагаас гурвынх нь биеийн байдал маш хүнд байна.