ШУУРХАЙ: Осол гаргасан жолооч нарын сэтгэл зүй "маш хүнд" байгаа тул өөрийн амь насанд хохирол учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр баривчилжээ

ШУУРХАЙ: Осол гаргасан жолооч нарын сэтгэл зүй "маш хүнд" байгаа тул өөрийн амь насанд хохирол учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр баривчилжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 24-ний /2024.01.24 /өдрийн 01 цагийн орчимд шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарсан.

Ослын улмаас томоохон хэмжээний дэлбэрэлт болж, гал түймэрт онцгой байдлын албаны гурван алба хаагч амь насаа алдаж, түлэнхийн төвд 10 иргэн, Цэргийн төв эмнэлгийн хордлогын төвд нэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд гурван хүүхэд хүргэгдэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 28 автомашин шатсан билээ.

Холбогдох байгууллагууд өдгөө ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд хэрэгт холбогдуулан оcoл гаргасан Nissan Patrol машины жолооч БХЯ-ны Барилга захиалагчийн алба Төрийн Өмчит Аж Ахуйн тооцоот Үйлдвэрийн газрын захирал Э.Мөнхнаран, "Дашваанжил" ХХК-ийн жолооч Ч.Ренчиндорж  нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хойшлуулшгүй тохиолдол, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр 48 цагийн хугацаатайгаар баривчлаад байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн жолооч нарын сэтгэл зүй маш хүнд, тогтворгүй байгаа бөгөөд ийм аймшигтай осол болсон гэж одоог хүртэл итгэхгүй байгаагаа хэлж, хүний амь нас эрсдсэн эсэхийг байнга асууж, лавлаж сэтгэл санаа нь тогтворгүй байгаа аж. Тиймээс ийнхүү баривчлах саналыг  гаргасан байна. 

Ташрамд дурдахад, Батлан хамгаалах яамны Барилга захиалагчийн алба Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Э.Мөнхнаран нь 2018 оноос энэхүү албанд томилогдсон байна. Түүний толгойлж буй Барилга захиалагчийн алба Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь өнгөрсөн жил буюу 2023 онд "Тэргүүний ТӨААТҮГ"-аар шалгарч, салбарын сайд Г.Сайханбаяраас шагналаа гардаж байжээ.