БХЯ-ны газрын дарга Э.Мөнхнаран Төв аймагт хяналт шалгаж хийгээд Офицерт байрлах автобаазад машинаа тавихаар явж байхдаа осолд холбогджээ

БХЯ-ны газрын дарга Э.Мөнхнаран Төв аймагт хяналт шалгаж хийгээд Офицерт байрлах автобаазад машинаа тавихаар явж байхдаа осолд холбогджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 24-ний /2024.01.24 /өдрийн 01:00 цагийн орчимд шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой ослын мөрдөн шалгах ажиллагаа өдгөө үргэлжилж байгаа билээ.

Тус хэрэгт холбоотойгоор оcoл гаргасан Nissan Patrol машины жолооч БХЯ-ны Барилга захиалагчийн алба Төрийн Өмчит Аж Ахуйн тооцоот Үйлдвэрийн газрын захирал Э.Мөнхнаран, "Дашваанжил" ХХК-ийн жолооч Ч.Ренчиндорж  нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хойшлуулшгүй тохиолдол, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр 48 цагийн хугацаатайгаар баривчлаад байгаа юм.

Олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирсон энэхүү ослын шалтгаан юу байв, Э.Мөнхнаран нь яамны нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийг ажлын бус цагаар яагаад унаж явав гэгчлэнгийн олон асуулт хариултаа нэхэж байна. 

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар "БХЯ-ны Барилга захиалагчийн алба Төрийн Өмчит Аж Ахуйн тооцоот Үйлдвэрийн газрын захирал Э.Мөнхнаран нь тухайн осол гардаг өдрийн өмнө өдөр /Осол нэгдүгээр сарын 24-ний өдрийн 01 цагт гарсан/ буюу нэгдүгээр сарын 23-ны өдөр Төв аймагт баригдаж буй Батлан хамгаалах яамны захиалгат барилгад хяналт шалгалт хийгээд, албаны автомашинаа Офицерт байрлах авто бааздаа байрлуулахаар явж байхдаа ийнхүү осолд холбогдсон байна.  

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээнд түүнийг ослын дараа оргон зайлахаар зугтаж байхад нь саатуулсан талаар мэдээлж буй. Харин энэ талаар эх сурвалжаас тодруулахад "Осол гарсны дараа газ алдагдаж, улмаар "Nissan Patrol" маркийн автомашинд их хэмжээний хий орж ирсэн тул жолооч болох Э.Мөнхнаран нь машинаас гарч, гүйсэн байна. Улмаар онцгой байдлын албанд дуудлага өгсөн гэдгийг ойрын хүндээ хэлсэн байсан" гэлээ. Түүний хувьд ослын улмаас түлэгдэж, бэртэл гэмтэл аваагүй ч газанд хордсон, хорлогын шинж тэмдэгтэй байгаа гэх мэдээлэл байна.