Дашваанжил ХХК: Осолдсон машин 15.7 тонн хий тээвэрлэж, стандарт техникээр зөвшөөрсөн маршрутын дагуу явж байсан

Дашваанжил ХХК: Осолдсон машин 15.7 тонн хий тээвэрлэж, стандарт техникээр зөвшөөрсөн маршрутын дагуу явж байсан

"Дашваанжил" ХХК-аас үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл өглөө.

"Дашваанжил" ХХК-ийн төлөөллүүд “"Дашваанжил" ХХК-ийн нийт ажилчдын өмнөөс амиа алдсан гурван аврагчийн ар гэр, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. Бид ослыг байгалийн давагдашгүй хүчин зүйл, санамсаргүй тохиолдол гэж үзэж байгаа. Мөн тус осолд өртөж гэмтсэн, эд хөрөнгөөр хохирсон иргэдэд харамсаж байгаагаа илэрхийлж, хурдан эдгэрэхийг хүсье.

Манай  компанийн ажилтан н.Ренцендорж 1984 оноос эхэлж том тэрэг, хүн машин механизм барьсан. “Онц тээвэрчин” тэмдэгтэй. Архи, тамхи хэрэглэдэггүй 2019 оноос хойш манай компанид ажиллаж байгаа сайн ажилтан.

Энэ боломжийг ашиглаад хэлэхэд, уг осолтой холбоотойгоор хүмүүсийн зовлон дээр дөрөөлж элдэв худал мэдээлэл тарааж байгаа тул иргэд мэдээлэлд шүүлтүүртэй хандаасай гэж хүсэж байна. Манай компанийн хувьд монголдоо анх удаа олон улсын жишигт нийцсэн хийн хангамжийн сүлжээг байгуулж 21 аймаг 30 гаруй суманд хий хадгалах байгууламжийг байгуулсан. Хэдий амжилттай үйл ажиллагаа явуулж байсан ч уг осол бидэнд том цочрол өглөө. Маш их харамсаж байна. Одоогоор манай компанийн 20 гаруй тээврийн хэрэгсэл орон нутаг болон нийслэлд үйл тээвэрлэлт хийж байгаа.

Бид Монгол Улс болон олон улсын стандартын шаардлага хангасан хамгийн сайн тээврийн хэрэгслийг худалдан авч ашигладаг. Манай компанийн жолооч 2019 онд Шадар сайдын баталсан аюултай ачаа тээвэрлэх маршрутын дагуу стандартын шаардлага хангасан машинаар тээвэрлэлт хийж байсан. Хот дотор тээвэр хийхэд зөвшөөрөл авч тээвэрлэлт хийдэг. Ингэхдээ хуулийн дагуу буюу тодорхой заасан чиглэл, маршрутын дагуу тээвэрлэлт хийдэг. Харин шөнийн цагаар тээвэр хийхдээ дүрмийн дагуу аюултай тээвэрлэлтийг заавал 22:00 цагаас хойш хийдэг. Тиймээс бид шөнийн цагаар  тээвэрлэлт хийж байсан. Мөн осолдсон машин 15.7 тонн хий тээвэрлэж явсан.

Жолоочийн хувьд аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөлтэй, бүх стандарт бичиг баримттай байсан. Бид аюулгүй байдлаа сар бүр хянаж зөвшөөрөл авч тээвэрлэлт хийдэг. Мөн жолооч нарын дунд хяналт шалгалтын ажиллагааг тогтмол явуулдаг. Хий тархсан тохиолдолд ямар нэг газраас оч үсэрч байж гал гарна гэсэн үг. Галын шалтгаан нөхцөлийг тогтоох шалгалтын ажиллагаа яг одоо явж байгаа тул ослын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.