"Баянзүрх дүүрэгт болсон аймшигт осол"-д Гандантэгчилэн хийд эмгэнэл илэрхийлж, лам хуврагууд ерөөл хуран залбирлаа

"Баянзүрх дүүрэгт болсон аймшигт осол"-д Гандантэгчилэн хийд эмгэнэл илэрхийлж, лам хуврагууд ерөөл хуран залбирлаа

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн орчимд газ тээвэрлэж явсан автомашин суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас их хэмжээний гал гарч гурван хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Мөн түлэнхийн төвд 10, Цэргийн төв эмнэлгийн хордлогын тасагт 1, Эх хүүхдийн үндэсний төвд 3 хүүхэд хүргэгдэж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Ослын улмаас 62 өрхийн 178 иргэн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон гэж албаныхан мэдээлсэн.

Тэгвэл уг осолтой холбоотойгоор Гандантэгчилэн хийдээс эмгэнэл илэрхийлж, хийдийн лам хуврагууд ерөөл хуран залбирлаа.

Тус эмгэнэлд, 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн орчимд  гарсан аймшигт ослын улмаас албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амь эрсэдсэн НОБГ-ын гал сөнөөгчдийн гэр бүл, найз нөхөд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчдэд гүн эмгэнэл илэрхийлье.

Энэхүү харамсалтай үйл явдалд амь насаа алдсан талийгаачдын хойтын буянд Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд ерөөл хуран залбирч байна. Мөн олон иргэд сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирсонд гүнээ харамсаж, ослын улмаас хохирсон ард иргэдийг бурхан шүтээндээ даатган залбирч байна.

  • Ариун сайн явдлын ерөөл буянаа зориулж
  • Агуу дээд буян хураасны үрээр
  • Аюулт зовлонд автсан хамаг амьтан
  • Авралт гурван эрдэнийн ивээлд багтах болтугай

 МБШ Төв-Гандантэгчэнлин хийд