ВИДЕО: "Дашваанжил"-ын газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсний улмаас галд өртсөн айлууд амьдрах боломжгүй болж, гэрээсээ дайжжээ

ВИДЕО: "Дашваанжил"-ын газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсний улмаас галд өртсөн айлууд амьдрах боломжгүй болж, гэрээсээ дайжжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 24-ний /2024.01.24 /өдрийн 01 цагийн орчимд "Дашваанжил" ХХК-ийн газ тээвэрлэж явсан хүнд даацын автомашин, БХЯ-ны эзэмшлийн Nissan Patrol маркийн суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарсан билээ.

Ослын улмаас томоохон хэмжээний дэлбэрэлт болж, гал түймэрт онцгой байдлын албаны гурван алба хаагч амь насаа алдаж, Түлэнхийн төвд 10 иргэн, Цэргийн төв эмнэлгийн хордлогын төвд нэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд гурван хүүхэд хүргэгдэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа. Мөн 30 автомашин шатсан байдаг. Холбогдох байгууллагууд өдгөө ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байгаа. Мөн галд өртөж, хохирсон айл өрхийн хохирлыг барагдуулах ажлыг зохион байгуулж эхлээд байгаа юм. Тэгвэл бид осол гарах үед ямар нөхцөл байдал үүссэн, галын улмаас иргэд хэрхэн хохирсон талаар сурвалжиллаа. 

ВИДЕО: 

"Дашваанжил" компанийн газ тээвэрлэж явсан тээврийн хэрэгсэл осолдсоны улмаас гал гарч, ойр орчмын орон сууц болох “Эдү апартмент” хотхоны 207 дугаар байр, “Глобал” интэрнэйшнл сургууль, “Санни таун” хотхоны 830 дугаар байр тус тус гал түймэрт өртсөн байдаг. “Эдү апартмент” хотхоны 207 дугаар байрны оршин суугчид орон сууцандаа амьдрах боломжгүй болсон учир иргэдийг зочид буудалд түр байрлуулаад байгаа. Харин "Санни таун” хотхоны оршин суугчид гэр нь галд өртөж, цонх нь хагарч, рам нь шатсан, тагтны хана, тааз нурсан, их хэмжээний утаа, тортог үүссэн зэргээс шалтгаалан гэртээ амьдрах боломжгүй болж, дайжаад байна. Биднийг тухайн байранд сурвалжилгаар очих үед ихэнх айл нь хүнгүй, зарим айлын гэрийн эзэд албаны хүмүүс "Галд өртөж, хагарсан цонхнуудыг солих учраас зайлшгүй гэртээ хүнтэй байх ёстой" гэсэн тул түр ирээд байна гэдгээ хэлж байлаа. 

"Санни таун” хотхоны байрны орц, гарч лифт зэрэг нь хар тортогт дарагдаж, утаа, май үнэртсэн нөхцөл байдалтай байсан бөгөөд цонхны компаниудын ажилчид айл өрхүүдийн хагарсан цонхыг солих ажлыг хийж гүйцэтгэж байсан юм. Тэдний өгч буй мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас цонхны компаниудтай тохиролцож, шуурхай захиалга өгч айл өрхүүдийн хагарсан цонхны хэмжээг авч, өнөөдрөөс /2024.01.26/ шиллэх ажлыг эхлүүлсэн байна. 

Харин галд өртсөн айлын эзэд "Осол болдог өдрийн шок одоо ч арилахгүй байна. Үнэхээр аймшигтай байсан. Ослын улмаас албан үүргээ гүйцэтгэж байсан алба хаагчид амиа алдсан нь үнэхээр харамсалтай. Тэднийг бодох болгонд итгэж өгөхгүй байна" гэдгээ биднээс нуугаагүй юм. Харин тэд ослын талаар "Шөнийн 01 цаг болж байсан учраас унтаж амарсан байсан. Гэтэл дайнтай кино шиг гал гарч, ойр ойрхон дэлбэрэлт болсон. Анх гал гарч эхлэх үед гэрийнхээ цонхоор харахад өөдөөс асар их халуун төөнөж, зарим өрөөний хөшиг хайлж байсан.

Тиймээс хамгийн ойр байсан хувцсаа өмсөөд, нялх, бага насны хүүхдүүдээ хөнжил зэрэгтээ ороогоод гэрээсээ гарч, ойр дотнынхоо айлд очиж хоносон. Харин гэртээ ирэхэд бүх өрөөний цонх хагарч, тагтны хана, тааз нурсан байдалтай байсан. Тухайн үед цагдаагийн алба хаагчид тайлбар авч, "Хагарсан цонх зэргийг янзалж өгнө" гэдгийг хэлсэн. Тэгээд цонхны компаниас ирж, цонхны хэмжээ авч өнөөдөр шиллэх ажлыг хийж байна" гэх мэдээллийг өгсөн юм. 

Оршин суугчид айж сандарсан байдалтай байсан бөгөөд тэд мөн "Байгалийн давтагдашгүй хүчин зүйл болон энэ мэт осол, аваар гарах үед авах арга хэмжээг тодорхой болгож, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулж өгөх"-ийг хүсэж байсныг энд дурдах нь зүйтэй болов уу.