Галд өртсөн орон сууцны иргэдийг "хоёр сая төгрөгт багтаан түрээсийн байр олох" чиглэлийг өгчээ

Галд өртсөн орон сууцны иргэдийг "хоёр сая төгрөгт багтаан түрээсийн байр олох" чиглэлийг өгчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 24-ний /2024.01.24 /өдрийн 01 цагийн орчимд "Дашваанжил" ХХК-ийн газ тээвэрлэж явсан хүнд даацын автомашин, БХЯ-ны эзэмшлийн Nissan Patrol маркийн суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарсан билээ.

Ослын улмаас томоохон хэмжээний дэлбэрэлт болж, гал түймэрт онцгой байдлын албаны гурван алба хаагч амь насаа алдаж, Түлэнхийн төвд 10 иргэн, Цэргийн төв эмнэлгийн хордлогын төвд нэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд гурван хүүхэд хүргэгдэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа. Мөн 30 автомашин шатсан байдаг. Холбогдох байгууллагууд өдгөө ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байгаа. Мөн галд өртөж, хохирсон айл өрхийн хохирлыг барагдуулах ажлыг зохион байгуулж эхлээд байгаа юм.

Дэлбэрэлтийн улмаас гал түймэрт өртсөн 60 айлын орон сууцны оршин суугчид Баянзүрх дүүрэгт байрлах "Интернэйшнл" зочид буудалд түр байрлаж байгаа юм. Мөн ослын газар шалгалтын ажиллагаа үргэлжилж цагдаагийн хамгаалалтад аваад байсан билээ.

Тэгвэл тус бүсийн шалгалтын ажил дуусаж, цагдаагийн хамгаалалт буусан бөгөөд галд өртсөн хотхоны зарим айл, өрхүүд тавилга зэрэг эд зүйлсээ зөөж эхэлсэн байна. Мөн буудалд байрлаж буй иргэдийн байр түрээслэх төлбөрийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон. Үүнтэй холбоотойгоор оршин суугчид түрээсийн байр хайж эхэлсэн бөгөөд гурван өрөө байртай иргэдэд хоёр сая төгрөгт багтаан түрээсийн байр олох чиглэлийг албаныхан өгчээ.