Энэ сарын 24-ны өдөр шөнийн 01.00 цаг орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн уулзварт газ ачиж явсан автомашин суудлын тэрэгтэй мөргөлдсөний улмаас их хэмжээний хий алдагдаж улмаар дэлбэрэлт болж гал гарсан.
Уг галд онцгой байдлын гурван алба хаагч өртөж амь насаа алдсан юм. Цаашилбал, 60 айлын орон сууц шатаж, ойролцоох байшингуудад их хэмжээний хохирол учраад байна. Мөн яаралтай тусламжаар 14 хүн ирснээс 4 нь харьцангуй хөнгөн бөгөөд эмнэлгийн анхны тусламж, зөвлөгөө аваад явсан. Өдгөө түлэнхийн төвд 10 иргэн, Цэргийн төв эмнэлгийн хордлогын төвд нэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд гурван хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа 10 иргэний тав нь 80-90 түлэгдэлтэй эрчимт эмчилгээний, тав нь энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэдгийг өчигдөр /2024.01.24/ албаныхан мэдээлж байсан юм. Тэгвэл эдгээр хүмүүсийн биеийн байдал дээрдээгүй, маш хүнд байна гэдгийг мэдэгдлээ. Тэд амьсгалын аппаратанд ороод байгаа аж.