ШУУРХАЙ: Шатахуун тээвэрлэж яваад осол гаргасан хэргээр долоон жилийн хорих ял сонссон жолооч давж заалджээ

ШУУРХАЙ: Шатахуун тээвэрлэж яваад осол гаргасан хэргээр долоон жилийн хорих ял сонссон жолооч давж заалджээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Цагаан даваан орчимд 2020 оны долдугаар сарын 15-ны өдөр шатахуун тээвэрлэж явсан том оврын ачааны “Донгфэнг” маркийн тээврийн хэрэгсэл онхолдож, тээвэрлэж явсан шатахуун асгарч гал гарсны улмаас таван автомашин, нэг мотоцикл шатаж, гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр, дөрвөн хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, найман хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан билээ.

Тус хэргийг өнгөрсөн оны аравдугаар сарын 30-ны өдөр шүүх хэлэлцээд осол гаргасан жолоочид долоон жилийн хорих ял оноож, хоёр жилийг нь өршөөлд хамруулсан байдаг. Тэгвэл анхан шатны шүүхээс долоон жилийн хорих ял сонссон шүүгдэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Тус гомдлыг шүүх хүлээн авсан бөгөөд шүүх хурал одоогоор товлогдоогүй байгаа аж.