ТОЙМ: "Дашваанжил" ХХК-ийн газ дэлбэрсэн олон удаагийн осол гарч байсан ч "хариуцлага хүлээж байсан эсэх" нь тодорхойгүй байна

ТОЙМ: "Дашваанжил" ХХК-ийн газ дэлбэрсэн олон удаагийн осол гарч байсан ч "хариуцлага хүлээж байсан эсэх" нь тодорхойгүй байна

Энэ долоо хоногт "Дашваанжил" ХХК-ийн газ тээвэрлэж явсан хүнд даацын автомашин, Батлан хамгаалах яамны эзэмшлийн Nissan Patrol маркийн суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон харамсалтай үйл явдал болж өнгөрлөө. Хариуцлага, стандарт, дүрэм журам гээд монголчуудад нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаах цаг ирснийг нотлон харуулсан энэ ослын талаарх мэдээллийг тоймлон хүргэе. 

-ДЭЛБЭРЭЛТИЙН УЛМААС ГУРВАН ХҮҮХЭД ГАЛД ТҮЛЭГДЖЭЭ-

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 23-24 /2024.01.23-24/- нд шилжих шөнийн 01:00 цагийн орчимд "Дашваанжил" ХХК-ийн газ тээвэрлэж явсан автомашин, БХЯ-ны эзэмшлийн Nissan Patrol маркийн суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гаргасны улмаас томоохон хэмжээний дэлбэрэлт болж, гал түймэрт онцгой байдлын албаны гурван алба хаагч амь насаа алдаж, 14 хүн түлэгдэж, 30 гаруй автомашин шатаж, олон арван айлын эд хөрөнгө галд өртлөө. 

Галд өртөж эрүүл мэндээрээ хохирсон 10 иргэн ГССҮТ-ийн салбар эмнэлэгт Түлэнхийн төвд, Цэргийн төв эмнэлгийн хордлогын төвд нэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд гурван хүүхэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна. Ноцтой нь Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж буй иргэдийн зургаан иргэний биеийн байдал маш хүнд 80-90 хувийн түлэгдэлттэй, дөрвөн иргэн нь 60-80 хувийн түлэгдэлт, хавсарсан гэмтэлтэй эмчилгээ үйлчилгээ авч байгаа гэдгийг эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байгаа. 

Харин орон сууц нь галд өртөж, гэртээ амьдрах боломжгүй болоод байгаа “Эдү апартмент” хотхоны 207 дугаар байрны оршин суугчдыг зочид буудалд түр байрлуулаад байгаа бөгөөд цаашид асуудал шийдэгдэх хүртэл байр түрээслэх түрээсийн хөрөнгийг улсаас гаргах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргаад байна. Мөн амиа алдсан онцгой байдлын алба хаагчдын ар гэрт нөхөн олговороос гадна гурван өрөө байр олгох шийдвэрийг гаргасан. Түүнчлэн галд өртсөн "Санни таун” хотхоны оршин суугчдын цонхыг шиллэж, хохирлыг барагдуулах ажлыг зохион байгуулж байгаа юм. Албаны хүмүүсийн өгч буй мэдээллээр энэ бүх хохирлыг эцсийн буруутан хариуцах ёстой, буруутай этгээдээр хариуцлагыг хүлээлгэх болно гэдгийг мэдэгдсэн. 

-ДАШВААНЖИЛ КОМПАНИЙН ГАЗ ДЭЛБЭРЧ, ИРГЭД ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРСОН ХЭРЭГ НЭГ БУС УДАА ГАРЧ БАЙЖЭЭ-

Өдгөө эл хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд ослын дараа "Дашваанжил" ХХК-ийн газ тээвэрлэж явсан хүнд даацын автомашины жолооч Ч.Ренчиндорж, БХЯ-ны эзэмшлийн Nissan Patrol маркийн суудлын автомашины жолооч Э.Мөнхнаран нарыг "Эрүүл мэнддээ хохирол учруулж болзошгүй" хэмээн 48 цагийн хугацаатай цагдан хориод өнгөрсөн шөнө /2024.01.26/ сулласан. Товчхондоо осол гаргасан жолооч нарыг гадуур шалгахаар болсон юм. 

Олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирсон энэхүү ноцтой ослын дараа 60 гаруй насны иргэнээр газ тээвэрлүүлж явсан "Дашваанжил" ХХК-ийн удирдлагууд мэдээлэл хийж, уучлалт гуйсан. Харин тэднийг уучлалт гуйгаад хэргээс мултрах учиргүй гэдгийг олон нийт хэлж, хариуцлага нэхэж байна.

Иргэд "Дашваанжил" ХХК-ийн газ тээвэрлэж явсан хүнд даацын автомашин нь шаардлага хангасан байсан уу, стандартын дагуу тээвэрлэсэн үү, зохих ёсны зөвшөөрөлтэй байсан уу гээд олон асуултын хариултыг нэхэж байгаа юм. Түүнчлэн тус компанийг өмнө нь олон удаа "газ дэлбэрсэн" гэх асуудалд холбогдож байсан ч хариуцлага хүлээсэн эсэх нь тодорхойгүй, олны анхаарлаас гардаг байсан талаар иргэд хэлж байна. Энэ талаарх мэдээлэл ч цахим сүлжээнд хадгалагдан үлджээ. 

Тухайлбал:

  • 2009 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан "Жаргалан" зоогийн газарт "Дашваанжил" ХХК-ийн газ дэлбэрч хоёр хүн хөл болон гарандаа түлэгдэж гэмтсэн байна.
  • 2012 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн төвийн орон сууцад "Дашваанжил" ХХК-ийн борлуулсан 5 литрийн багтаамжтай хийн торх (баллон) дэлбэрч нэг айлын 3-4 хүн түлэгдэж гэмтэн, 200 гаруй айл орох оронгүй болж байв.
  • 2015 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байсан “Дашваанжил” компанийн хий цэнэглэх станцад гал гарч хоёр хүн түлэгдэж бэртэж байжээ. 
  • 2015 оны зургаадугаар сарын 12-ны өдөр Налайх дүүргийн Ногоон зоорь орчимд "Дашваанжил"-ын газ дэлбэрсний улмаас өсвөр насны хүү, ой гарантай дүүгийн хамт гэмтэж шархдаж байжээ. 

Энэ мэтчлэн тус компанитай холбоотой олон осол гарч, иргэд эрүүл мэнд, эр хөрөнгөөрөө хохирдог ч хуулийн хариуцлага хүлээж байсан эсэх нь тодорхойгүй байгаа юм. Тиймээс ч энэ удаагийн осол эдгээрийн нэгэн адил болж, тэд хариуцлага хүлээлгүй, ажилтан болох жолоочийг буруутан болгоод үлдээх вий гэх хардлага нийгэмд байна. Ямартай ч энэ удаагийн ноцтой осол нь осол, аваарын үед ард иргэд хэрхэн эрүүл мэнд амь насаа авран хамгаалах, энэ талын мэдлэг боловсролыг ард иргэдэд өгч, хүүхэд багачуудад бага наснаас нь зааж сургах ёстойг бидэнд ойлгож ухаарууллаа.