Б.Энэрэл: БНСУ-ын  “Universe ticket” шоунд монголоос ганцаараа оролцсон болохоор шүүгч, хөтлөгчид нь маш их урам өгч зөвлөж байсан /ВИДЕО/

Б.Энэрэл: БНСУ-ын  “Universe ticket” шоунд монголоос ганцаараа оролцсон болохоор шүүгч, хөтлөгчид нь маш их урам өгч зөвлөж байсан /ВИДЕО/

БНСУ-ын SBS телевизээс зохион байгуулсан “Universe ticket” шоунд амжилттай оролцсон монгол охин Б.Энэрэлийг бид энэ удаагийн Social ID буландаа онцлон ярилцлаа. Түүний хувьд шоундаа амжилттай оролцож, өдгөө Өмнөд Солонгос Улсад К-поп айдол болохоор бэлтгэгч хийж байгаа юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО:

-Юуны түрүүнд та манай үзэгч болон уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Энэрэл байна. Би одоо 20 настай. Яг одоо iSee.mn мэдээллийн сайтаар дамжуулан алс холын БНСУ-аас мэндчилж байна. Миний хувьд К-поп айдол болохоор Солонгос Улсад ирсэн. Одоогоор бэлтгэгч хийгээд явж байна.

-Ярилцлагын эхэнд Өмнөд Солонгосын SBS телевизээс зохион байгуулсан “Universe ticket” шоунд оролцож, өөрийн авьяас чадвараар эх орныхоо нэрийг гаргасанд баяр хүргэе. Энэхүү тэмцээнд оролцох боломж яаж олдов?

-“Universe ticket” шоуны зар инстаграмм хуудаст явж байсан. Тус зард “SBS телевизийн зохион байгуулж буй К-поп шоу  болох гэж байна” хэмээн бичсэн байна. Уг зарыг хараад эргэлзэлгүйгээр өөрийгөө сориод үзье гэж бодсон. Багаасаа К-поп сонсож, цуврал шоунуудыг нь үзэж өссөн надад энэ том боломж юм шиг санагдсан. Тиймээс мөрөөдлөө биелүүлэхээр сэтгэл шулуудан шалгаруулалтад ороод тэнцсэн. Ингэснээр нэвтрүүлэгт орох эрхээ авсан байгаа.

-Шоунд оролцоход ямар ямар шаардлага тавьсан бэ?

-Тэмцээнд оролцоход хоёр шатлалын шалгалтыг авсан. Нэгдүгээрт, солонгос эсвэл ангил хэлээр өөрийгөө танилцуулсан бичлэгийг онлайнаар явуул гэсэн байсан. Мөн дуулж, бүжиглэж буй бичлэгээ явуулах байсан. Энэ бүгдийг явуулсны дараа нүүр тулж уулзсан. Ингэж уулзахдаа дуулж, бүжиглэнэ. Нэмээд өвөрмөц авьяасаа мөн харуулж болох боломжтой юм билээ. Энэ хэсэгт би морин хуураа тоглосон.

-Найзтайгаа хамт бэлтгэлээ хийдэг юм шиг байсан. Найзынх нь хувьд яагаад шоунд оролцоогүй вэ?

-Би Монголоос хамт ирсэн, монгол найзтайгаа хамт бэлтгэлээ хийдэг. Найзыг маань хүмүүс сайн мэдэх байх. Мэдэх хүмүүс нь мэдэх байх. Найзыг маань Melody гэж дууддаг. Бидний хувьд дээрх шоунд хамтдаа бүртгүүлж, нэгдүгээр шатанд хоёулаа тэнцсэн.  Хоёрдугаар шатанд би ганцаараа тэнцэж нэвтрүүлгийг үргэлжлүүлэхээр болсон.

-Олон орны охид оролцсон шүү дээ. Тэд болон тэмцээний шүүгчид монгол хүн гэхэд хэрхэн хүлээн авч байв. Ер нь Монголын талаар ямар мэдээлэлтэй байсан бэ?

-Уг тэмцээнд нийт 14 орны 82 хүүхэд оролцсон.  Маш глобал тэмцээн болсон гэж хэлж болно. Тиймээс би монгол хүн гэдгээрээ онцгойрно гэж бодсон. Монголоос оролцож буй цорын ганц оролцогч учир улс орныхоо соёлыг түгээн танилцуулж, сайхан сэтгэгдэл үлдээхийг хичээсэн. Тэнд байсан хүүхдүүдийн зарим нь Монгол Улсыг анх удаа сонсож байна гэж байсан бол мэддэг хүүхдүүд нь өргөн уудам тал, үзэсгэлэнт байгалийн маань магтан ярьж байсан. Тиймээс мэддэггүй хүүхдүүдэд Монголынхоо сайхан байгалийг дэлгэрэнгүй ярьж өгсөн. Тэд миний ярианаас манай улсын талаарх мэдээллийг авч үзэсгэлэнт байгаль, өвөрмөц соёлын минь талаар ойлголттой болсон байхаа. Нэвтрүүлгийн зураг авалтад оролцох үеэрээ шагайгаа авч очоод бусад хүүхдүүдэд зааж өгч хамт тоглосон. Тэдэнд шагай нь манай үндэсний тоглоом гэдгийг хэлж өгөөд утга агуулгыг нь хэлж өгсөн. Шагай няслахаас гадна морь уралдуулах, шагай шүүрэх, дөрвөн бэрх буулгахыг хүртэл заасан. Үүнийг өрөөний хүүхдүүд маш их сонирхож хүлээж авсан. Ясаар тоглодог тоглоом байдаг гэж үү гэж хүлээж авсан.

-Тэмцээний туршид солонгос охидод давуу байдал байсан болов уу. Бодлоо хуваалцаач?

-Мэдээж тийм. Солонгосоос оролцож буй хүүхдүүдийн тухайд бага наснаасаа карьер хөөсөн, телевизийн нэвтрүүлэгт орсон туршлагатай, энтертайнментад харьяалагддаг гэх мэт давуу талтай байсан. Бусад хүүхдүүдээс хамаагүй илүү суралцсан байсан. Хамгийн том давуу тал нь тэд эх орондоо байж, эх хэлээрээ ярьж байна. Миний тухайд Солонгост ирэхээсээ өмнө солонгос хэл сураад топик 5 шалгалтад тэнцсэн мөн англи хэлийг тодорхой  хэмжээнд сурсан байсан. Тэгэхээр солонгос хүүхдүүдтэйгээ солонгос хэлээр нь бусад орны оролцогчидтойгоо англи хэлээр ойлголцож байсан. Тэгэхээр хэлний тухайд бэрхшээл гараагүй. Үеийнхэндээ хэлэхэд, хэлтэй бол хөлтэй. Тэгэхээр хэл бол үнэхээр давуу тал шүү, хэл сурахад цаг хугацаа, хичээл зүтгэлийг гаргаарай. Энэ бол хэрэг болох чухал чадваруудын нэг гэдгийг маш сайн ойлгосон.

-Шоуны үеэр Vanesya гэдэг охиныг олон нийт нэлээд шүүмжилсэн шүү дээ. Түүнтэй ярилцаж үзсэн үү. Ямар охин байсан бэ?

-Манай Vanesya маш гэнэн цайлган хөөрхөн охин байсан. Одоо дөнгөж 13 билүү 14 настай. Өмнө нь ямар нэгэн дуулж, бүжиглэж байсан туршлагагүй байсан учир тухайн бичлэгт тэр нь нөлөөлсөн байх. Түүнээр хамгийн их бахархсан зүйл нь сошиалд  маш их шүүмжлүүлж, сөрөг хандлага их авсан. Гэхдээ ерөөсөө бууж өгөөгүй. Эцсээ хүртэл мөрөөдлийнхөө  төлөө бусдын нөлөөнд автахгүйгээр зоригтой явж байгаа нь үнэхээр бахархмаар санагдаж байсан.

-Та бүхний тэмцээнийг шүүж байсан шүүгчдийн хувьд маш алдартай хүмүүс байсан. Тэднээс зөвлөгөө авах эсвэл ярилцах байдлаар харилцаж байсан уу. Харилцаж байсан бол тухайн үед ямар мэдрэмж төрж байв?

-“Universe ticket” шоуны хөтлөгч болон шүүгч нар нь салбар салбартаа топ, мэдэхгүй хүн гэж байхгүй мундаг хүмүүс байсан. Миний багадаа үзэж, үлгэр дуурайлал авдаг хүн байсан болохоор тэдний өмнө гарч үзүүлбэрээ үзүүлнэ гэдэг  миний хувьд үнэхээр их сандралтай, айдастай, догдлолтой үгээр хэлж боломжгүй гайхалтай мөч байсан. Нэвтрүүлэгт л гараагүй болохоос биш шүүгчид маань надад маш олон гайхалтай зөвлөгөө, магтаалууд хэлж байсан. Жишээлбэл, эхний шатанд Жэннигийн солог үзүүлэхэд надад “тайзны ур чадвар байна. Нүүрний хувирал үнэхээр сайн байна” гэж магтаж байсан. Бас “бүжиглэх тал дээрээ илүү анхаарах хэрэгтэй” гэсэн зөвлөгөө өгч байсан. Бас хөтлөгчөөр ажиллаж байсан хоёр алдартан маань мөн намайг үзүүлбэрээ үзүүлэхээр гарахын өмнө урам өгч “монголоос ирсэн юм уу. Ямар гоё юм бэ. Одоо үзүүлбэрээ үзүүлэхдээ сандралгүй тайван үзүүлээд гараад ирээрэй. Амжилт” гэж маш гоё урмыг үг хэлсэн нь одоо сэтгэлд минь дурсамж болж тодоор үлдсэн байна. Бас бэлтгэлийн дундуур ирж амттан авч өгч дэмждэг байсан. Мөн шүүгч нар маань намайг “реп хийхэд хоолойны өнгө чинь зохицохоор гоё хоолой байна” гэж хэлсэн. Энэ нь хамгийн гоё магтаал байсан.

-Таны хасагдсан шалтгааныг санал хураалтаас боллоо гэж ойлгосон. Ер нь дэмжлэг дутсан уу?

-Энэхүү нэвтрүүлэг маань санал хураалтын шугамаар хасагдаад явах өрсөлдөөнт шоу байсан. Бас шүүгч нарын дүгнэлтээр шат ахиж болдог байсан. Надад дэмжлэг хэрэгтэй байсан. Гэхдээ намайг дэмжээгүй гэж бол гомдохгүй. Яагаад гэвэл би маш туршлага дутсан. Томоохон нэвтрүүлэгт анх удаа орж байгаа болохоор маркетинг хийж, өөрийг сурталчлах ёстой байсныг мэдээгүй учраас орхигдуулсан байсан. Бас монголчууддаа яг тодорхой ойлголт ч өгч чадаагүй байсан. Тиймээс дараа дараагийн удаа шоу, тэмцээнүүдэд оролцохдоо ганцхан бэлтгэл гэлгүй энэ тал дээрээ бас анхаарах болно.

-Таныг Twice хамтлагийн Mina гэдэг гишүүнтэй адилхан гэх яриа их байдаг. Монгол гэлтгүй солонгос дэмжигчдийн дунд ч энэ хандлага байдаг юм шиг санагдсан. Энэ нь танд ямар санагддаг вэ?

-Намайг хүмүүс” Twice хамтлагийн Минатай их төстэй харагдаж байна” гэж их хэлж байсан. Угаасаа Мина солонгостой хөөрхнөөрөө алдартай. Тэгэхээр тийм артисттай адилхан гэж хэлүүлнэ гэдэг миний хувьд үнэхээр гоё магтаал байсан. Гэхдээ миний бодлоо будалт нь таараад ч юм уу. Өнцөг нь таараад хааяа төстэй харагддаг байж магадгүй. Гэхдээ адилхан гэж хэлүүлэх гоё байсан.

-Дахиад өөр шоу нэвтрүүлэгт оролцох бодол байгаа юу?

-Мэдээж боломж, цаг хугацаа нь таарвал оролцоно гэж бодож байгаа. Нас залуу цус шингэн байгаа дээрээ аль болох олон өөрийгөө сорьж болохуйц зүйлсэд оролцож өөрийгөө сориод олон зүйлсийг суралцаж, мэднэ гэж бодож байгаа. Ялангуяа өрсөлдөөнт шоунд оролцсоны дараа ялж ялагдах гэхээс илүү суралцаж мэдэх зүйл асар их байдаг.

-Өөрийнхөө онцлох зүйлс, давуу талыг юу гэж харж байна. Хамтлагт орвол ямар үүрэгтэй гишүүн болно гэж боддог вэ?

-Миний онцлог давуу тал гэвэл уран бүтээлч ч юм уу ер нь ямар ч хүн авьяас, чадваргүй байж болно. Хамгийн гол нь хичээнгүй байх хэрэгтэй гэж боддог. Сайн хөдөлмөрлөөд хичээж чаддаг хүнд авьяас чадвар бий болдог учраас би маш их хөдөлмөрлөдөг. Тиймээс би хөдөлмөрч чанараа давуу тал хамгийн хүчтэй зэвсэг маань гэж боддог. Харин артистын хувьд би дуулах, бүжиглэх, реп үглэх гээд бүгдэд нь маш их дуртай. Гэхдээ нэгийг нь онцгойлон сонго гэвэл репийг сонгоно. Яагаад гэвэл маш сайн реп үглэдэггүй ч гэсэн яг үглэх мөчид онцгой мэдрэмж төрж дотроосоо оргилж өөрийгөө хүчирхэг байдлаар мэдэрдэг. Тиймээс цаашид реп үглэхдээ илүү анхаарна гэж бодож байгаа. Бас би дуунд маш их дуртай. Ялангуяа RnB хип хоп талдаа илүү дуртай. Тиймээс ритмээр мэдрэмжээ шингээсэн дуучин болохыг хүсдэг.

-Нэвтрүүлгийн турш ар гэр ялангуяа аав нь нэлээд их дэмжиж байгаа нь анзаарагдсан. Гэр бүлийнхэн таныг хэрхэн дэмждэг вэ?

-Манай аав, ээж, дүү нар, хамаатнууд болон найзууд маань миний ард байдаг асаалттай танк гэдэг шиг итгэл даахуйц найдвартай хамгийн том хүч өгдөг, итгэл төрүүлдэг хүмүүс байдаг. Би тэр хүмүүсийн дэмжлэг, хайрын хүчээр би солонгос хүртэл явж, тэр том шоунд оролцох бололцоо нь

олдсон юм болов уу гэж боддог. Мэдээж айдол болохыг хүсдэг маш олон хүүхэд байдаг. Тэдэнд хамгийн чухал зүйл нь ар гэрийн туслалцаа дэмжлэг байдаг. Харь нутагт ирээд зөвхөн бэлтгэлээ хийхэд ар гэр нь ойлгож дэмжиж тусалж өгнө гэдэг бол үнэхээр том аз завшаан. Тиймээс аав ээждээ үнэхээр их баярладаг. Ийм гэр бүлтэй болохоор өөрийнхөө мөрөөдлийн дагах боломж олдсон гэж боддог. Аав ээждээ хайртай шүү. Охин нь мундаг хүн болоод та хоёрынхоо ачийг заавал хариулах болно. Аав ээжийгээ санаж байна.

-Монгол дахь таныг дэмжигчдэд зориулж үг хэлээч.

-“Universe ticket” шоунд оролцсоноос хойш намайг дэмждэг хүмүүс байдаг болсон. Үнэхээр үгээр хэлшгүй гайхалтай бас сонирхолтой мэдрэмж төрж байгаа. Яагаад гэвэл тэр хүмүүстэй би нүүр тулж уулзаж байгаагүй. Тэр хүмүүст бодитоор ямар нэгэн тусламж үзүүлж байгаагүй. Гэтэл тэр хүмүүс намайг ямар нэгэн болзолгүйгээр хайрлаж, дэмжиж, зөвлөгөө өгч байгаа нь миний хувьд үнэхээр гайхалтай санагддаг. Ямар гайхалтай хүмүүс гэхээрээ ийм байдаг байна аа гэж боддог байсан. Тэгээд намайг дэмждэг хүмүүст үнэхээр их баярлалаа. Тэр их дэмжлэг, хайрын хариуд мундаг артист, мундаг уран бүтээлч болоод заавал буцаж нийгэмдээ сайн сайхныг түгээх чадварлаг, хүчирхэг, нинжин сэтгэлтэй артист болох болно оо. Бүгдэд нь маш их баярлалаа. Цаашдаа ч гэсэн хамт байж өгөөрэй. Баярлалаа.