Сонгинохайрхан дүүрэгт 2 давхар барилга, граж, дөрвөн автомашин шатжээ

Сонгинохайрхан дүүрэгт 2 давхар барилга, граж, дөрвөн автомашин шатжээ

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлага Онгцой байдлын ерөнхий газарт өчигдөр /2024.01.27/ 06:50 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18-р ангийн бүрэлдэхүүнийг очиход 96х6 хэмжээтэй сендвичин 2 давхар барилга, 15х15 хэмжээтэй сендвичин граж, дөрвөн автомашин шатаж байжээ.

Нэмэлт дуудлагаар 07:08 цагт Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн бүрэлдэхүүн гарч 07:19 цагт очсон байна. Алба хаагчид шуурхай ажиллаж 07:10 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 08:10 цагт бүрэн унтраасан байна.

Ойрын өдрүүдэд томоохон хэмжээний объект, гэр хорооллын айл өрхийн байшин, автомашин шатсан дуудлага буурахгүй байна.

Иймд шөнийн цагаар гарч буй гал түймэрт иргэд өртөж угаартах, амь насаа алдах эрсдэлийг дагуулж байгаа тул галлагааг хэтрүүлэлгүй, цахилгааны хэт ачаалал үүсгэхээс сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг холбогдох албанаас онцгойлон анхааруулж байна.