Иргэн Б "халтирч унаж эрүүл мэндээрээ хохирсон хохирол"-оо Хотын дарга Х.Нямбаатараас нэхэмжилж шүүхэд ханджээ

Иргэн Б "халтирч унаж эрүүл мэндээрээ хохирсон хохирол"-оо Хотын дарга Х.Нямбаатараас нэхэмжилж шүүхэд ханджээ

Иргэн Ж.Б нь өнгөрсөн сарын 23-ны өдөр /2024.01.23/ Баянзүрх дүүрэгт гарцаар гарч яваад халтирч унаж толгойгоо хагалсан байна. Тус гэмтлийн улмаас тэрбээр толгойдоо гурван оёдол тавиулж, 8 хоногийн туршид ажиллах чадвараа алдаж хөдөлгөөн хорьсон байна. Тэрбээр энэ хугацаанд MRI болон бусад нарийн шинжилгээг хийлгэхийн зэрэгцээ шаардлагатай эм, тариаг өөрийн мөнгөөр авч хэрэглэжээ. 

-ИРГЭН Б: БИ ГАРЦААР ГАРЧ ЯВААД Л ХАЛТИРЧ УНАЖ БЭРТСЭН. ШҮҮХЭД ХАНДАХААР ХОЛБОГДОХ МАТЕРИАЛУУДЫГ ЦУГЛУУЛЖ БАЙНА-

Тиймээс тэрбээр энэ бүх хохирлоо Хотын дарга Х.Нямбаатараас нэхэмжилж, Иргэний хэргийн шүүхэд гомдол гаргахаар болжээ. Тэрбээр энэ талаар "Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар бид эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Гэтэл иргэн би зүгээр л гарцаар гарч яваад халтирч унаж толгойгоо хагаллаа. Үүнээс болж би эрүүл мэнд, эд хөрөнгө, цаг хугацаа, ажлын бүтээмжээрээ хохирлоо. Халтирч унаснаас үүдэж маш хүнд бэртэж хохирсон иргэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд олноор хандаж байна. Үнэхээр гомдолтой байгаа учраас би хуульч, өмгөөлөгч нараас зөвлөгөө авч шүүхэд гомдлоо гаргахаар болсон. Холбогдох бүх баримт, материалаа цуглуулж байна. Нийслэлийн Засаг даргаас хохирлоо шаардах болно. Халтирч унаснаас болж хохирсон хохирлоо нэхэмжилж байгаа анхны тохиолдол би байж мэднэ " гэсэн юм. 

Тэгвэл нийтийн гудамж, талбайн аюулгүй байдлыг хангах буюу халтирч унахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэг хэнд хамаарах вэ?

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд иргэд аюулгүй байх орчныг бүрдүүлэхтэй холбоотой асуудлаарх үндсэн зохицуулалтуудыг “Эрүүл ахуйн тухай” хуулиар зохицуулжээ. Энэ хуулийн 1.1 – д “Энэ хуулийн зорилт нь хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчны хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах, арилгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэсэн байна.

Түүнчлэн Эрүүл ахуйн тухай хуулийн 13.1.6, 4.4.3–т заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх газрыг цас, мөсгүй байлгах үүрэгтэй.

Эрүүл ахуйн тухай хууль:

4.4. Хүн амын суурьшлын хөрс эрүүл ахуйн дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:

4.4.3. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах, ногоон байгууламжийн арчилгааг хийх;

13.1. Аж ахуйн нэгж, байгууллага нь дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

13.1.6. Энэ хуулийн 4.4.3-т заасан нийтийн эзэмшлийн зам, талбайг хог хаягдал, тогтоол ус, цас, мөсгүй байлгах, ногоон байгууламж нэмэх, шат, хашлага, хайсыг бүрэн бүтэн байлгах;

Хэрвээ иргэн, аж ахуй нэгж, байгууллага энэ үүргээ биелүүлээгүйн улмаас хэн нэгэн тухайн 50 метрийн орчимд халтирч унан гэмтвэл тухайн иргэн Иргэний хуулийн 497 дугаар зүйл буюу “гэм хор”–ын зохицуулалтыг үндэслэн тухайн иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас учирсан хохирлоо шаардах хууль зүйн үндэслэлтэй гэж харагдаж байна. Та эхний ээлжид хохирлоо тухайн иргэн, байгууллагад хандан шаардах нь зүйтэй бөгөөд тухайн иргэн, байгууллага уг хохирлыг сайн дураар барагдуулахаас татгалзвал Иргэний шүүхэд хандах шаардлагатай.

-ЭРҮҮЛ АХУЙН ХУУЛИЙН 11 ДҮГЭЭР ЗҮЙЛД ЗААСНЫ ДАГУУ ДЭЭРХ ИРГЭН ХОТЫН ДАРГААС ХОХИРЛОО НЭХЭМЖИЛЖ ШҮҮХЭД ГОМДОЛ ГАРГАНА-

Иргэний хууль:

497 дугаар зүйл. Гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл

497.1. Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Харин, дээр зааснаас бусад талбайн цэвэрлэгээний хувьд Эрүүл ахуйн тухай хуулийн 11–р зүйлд заасны дагуу Нийслэлийн засаг даргын хүлээсэн үүрэгт хамаарна гэж зохицуулсан байна.

Эрүүл ахуйн тухай хууль:

11 дүгээр зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын эрх, үүрэг

11.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

11.1.6. Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, тохижилт, цэцэрлэгжүүлэлт, эзэмшлийн байдлыг хариуцах;

Энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлд заасны дагуу захиргааны байгууллагын буюу Нийслэлийн засаг даргын эсвэл холбогдох хариуцсан байгууллагын “эс үйлдэхүй” – н улмаас өөрт  хохирлоо шаардах үндэслэлтэй байж болохоор байна. Процессын хувьд мөн л Нийслэлийн засаг дарга, эсвэл тухайн холбогдох захиргааны байгууллагаас эхний ээлжид шаардахаар байна. Хэрвээ сайн дураараа хохирлыг барагдуулахаас татгалзвал “эс үйлдэхүй”–тэй нь холбогдуулан Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах замаар хохирлоо шаардах, эсвэл Иргэний шүүхэд хандан хохирлоо шаардах боломжтой.

Захиргааны ерөнхий хууль:

100 дугаар зүйл. Хохирол арилгахыг шаардах эрх

100.1. Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй.

Хохирол нэхэмжлэхтэй холбоотой эдгээр үндэслэл, тайлбарууд нь цас, мөс “цэвэрлэх үүрэг”-тэй холбоотой юм.

Харин чулуун тавцанг явган хүний замд тавьсны улмаас иргэдэд хохирол учирвал энэ нь Нийслэлийн засаг даргад хамаарах асуудал гэж үзэж болохоор байна. Учир нь, Эрүүл ахуйн тухай хууль нь “... хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчны хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах, арилгахтай холбогдсон харилцааг зохицуулах ...” зорилт бүхий хууль бөгөөд хуулийн 11.1.1, 11.1.6 – д заасны дагуу Нийслэлийн засаг дарга аюулгүй орчин, нөхцөл үүсэхээс урьдчилан сэргийлэх, аюулыг бууруулах арга хэмжээ авах үүрэгтэй бүхий субьект байна.

Тэгэхээр Хотын дарга Х.Нямбаатар гялгар чулуун замыг өөрчилж аюулыг бууруулсан уу, халтиргааг арилгахаар ямар байдлаар оролдлого хийсэн үү гэдэг асуулт тулгарч байгаа юм. Сүхбаатарын талбай, Төрийн ордны баруун, зүүн талын болон МУИС-ийн номын сангийн өмнөх замд буюу гялгар чулуун хавтантай газруудад халтирч унан бэртсэн иргэд дээр тайлбарласан үндэслэл, процессын дагуу Нийслэлийн засаг даргаас хохирлоо нэхэмжлэх эрхтэй.