Дүнжингаравын зам дээр осолдсон БХЯ-ны газрын дарга Э.Мөнхнаранг үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлжээ

Дүнжингаравын зам дээр осолдсон БХЯ-ны газрын дарга Э.Мөнхнаранг үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 24-ний /2024.01.24 /өдрийн 01:00 цагийн орчимд шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой ослын мөрдөн шалгах ажиллагаа өдгөө үргэлжилж байгаа билээ.

Тус хэрэгт холбоотойгоор оcoл гаргасан Nissan Patrol машины жолооч БХЯ-ны Барилга захиалагчийн алба Төрийн Өмчит Аж Ахуйн тооцоот Үйлдвэрийн газрын дарга Э.Мөнхнаранг үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Хуулийн байгууллагаас түүний гэм буруутай эсэхийг тогтоож, эцэслэсний дараа түүнийг ажлаас нь чөлөөлөх эсэх шийдвэр гаргах аж. 

Ташрамд өгүүлэхэд, БХЯ-ны Барилга захиалагчийн алба Төрийн Өмчит Аж Ахуйн тооцоот Үйлдвэрийн газрын дарга Э.Мөнхнаран нь тухайн осол гардаг өдрийн өмнө өдөр /Осол нэгдүгээр сарын 24-ний өдрийн 01 цагт гарсан/ буюу нэгдүгээр сарын 23-ны өдөр Төв аймагт баригдаж буй Батлан хамгаалах яамны захиалгат барилгад хяналт шалгалт хийгээд, албаны автомашинаа Офицерт байрлах авто бааздаа байрлуулахаар явж байхдаа ийнхүү осолд холбогдсон байдаг юм. Түүний унаж явсан тээврийн хэрэгсэл нь Батлан хамгаалах яамны нэр дээр биш, Барилга захиалагчийн албаны харьяанд бүртгэлтэй байдаг аж.