УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы гэмт бүлэглэл зохион байгуулсан гэх "Хэргийн тал" нь хаачив

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы гэмт бүлэглэл зохион байгуулсан гэх "Хэргийн тал" нь хаачив

"Нүүрсний" гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал 10 гаруй хоног үргэлжилж, өнгөрөгч Лхагва гараг /2024.01.31/-т шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцууллаа. 

Шүүхээс шүүгдэгч Т.Аюурсайханыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны үндэслэлтэй болохыг тайлбарлаж чадаагүй гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1,8 тэрбум төгрөгийг түүнээс гаргуулж улсын орлого болгуулахаар шийдвэрлэсэн юм.  Харин энэ нь өдгөө олны анхаарлыг татаж байна.

Учир нь Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Т.Аюурсайхан нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар буюу "Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх" гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Харин уг хэргийг шүүх "гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.  АТГ-аас УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарт холбогдох "Нүүрсний" гэх хэргийг шалгаж, улмаар Нийслэлийн прокуророос түүнд "Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх" гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ч шүүх тус хэргийг "гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр ийнхүү хэрэгсэхгүй болгосон нь анхаарал татаж, басхүү хардлага төрүүлж байна.

-Т.АЮУРСАЙХАН: ЖИНХЭНЭ ГЭМ БҮЛЭГЛЭЛ БАЙГАА БОЛ ЯЛААС БИТГИЙ МУЛТРААСАЙ-

Учир нь "Нүүрсний" гэх хэргийг хуулийн байгууллага шалгаж байх явцад тэрбээр "Надад 5-12 жилийн хорих ялтай зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах зүйл ангиар яллах гэж байна. Тиймээс энэ зүйлчлэлийг анхаарч өгөхийг эрх бүхий албан тушаалтнуудаас хүссэн байж магадгүй" гэх мэдээлэл байдаг.

Энэ талаар ч мөн тэрбээр шүүх хурлын үеэр "Анх удаагаа олон зүйлүүдийг сонсоод гайхаад, харамсаад сууж байна. Айхтар хэлмэгдүүлэлт болж байна. Эрүүгийн хуулийн 20.3 Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх бол маш хүнд зүйл заалт нь 5-12 жилийн хорих ялтай маш хүнд гэмт хэрэг.  Ийм хүнд гэмт хэрэгт холбогдуулж ял тулгах нь битгий хэл яллагдагчаар татахад үндэслэл бүхий маш ноцтой, бодит нотлох баримт хэрэгтэй. Огт нотлох баримтгүйгээр намайг яллагдагчаар татсан. Энэ заалтаар сайд болон гишүүнийхээ албан тушаалаас түдгэлзсэн. Шүүгч таныг өргөсөн тангарагтаа үнэнч байж шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.

МАН-ын Шинэчлэл хөгжлийн хороо гэдгээр гэмт бүлэглэлийг төлөөлүүлж байгаад маш их харамсаж байна.

Энэ хороо 2016, 2017 оноос хойш нэг ч үйл ажиллагаа явуулаагүй. Энэ хороонд маш олон залуус, эрдэмтэд оролцож байсан. Үүнийг бүлэглэл гэж байгаад харамсаж байна.  Жинхэнэ гэм буруутнуудыг нь олж, хэргийг илрүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Жинхэнэ гэмт бүлэглэл байгаа бол ялаас битгий мултраасай. Хэргийг шударгаар шийдээсээ гэж хүсэж байна" хэмээж байсан юм. Магадгүй энэ нь түүнийг дээрх зүйл ангиас эмээж байсныг илтгэх мэт. Ямартай ч Т.Аюурсайханы гэмт бүлэглэл зохион байгуулсан гэх "Хэргийн тал" нь үнэхээр гэмт хэргийн шинжгүй байсан уу, прокурор түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй атал яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн үү гэдэг асуулт хариултаа нэхэж байна. Тиймээс ч магадгүй тус хэрэгт прокурор эсэргүүцэл бичихийг ч үгүйсгэхгүй юм. 

Сонирхуулахад, Т.Аюурсайханы шадар туслах асан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга И.Даваадорж, мөн Т.Аюурсайханы туслах асан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргал нарыг АТГ-аас “нүүрсний“ хэрэгт холбогдуулан цагдан хориод байсан юм. Зарим эх сурвалжууд Т.Аюурсайханыг “Эрдэнэс тавантолгой” ХК-аас нүүрсний квот, тендер авах, хулгайн мөнгөө угаах ажлаа өөрийн шадар туслах асан И.Даваадорж, Б.Отгонжаргал нараар хийлгэдэг байсан байж магадгүй хэмээн онцолж байв. Харин Т.Аюурсайхан үүнийг үгүйсгэж, "Эрдэнэс Тавантолгой"-оос нэг ч хадаас аваагүй хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлж байсан. 




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө