БАРИМТ: МИАТ-ийн зорчигчдын хоолыг 15 орчим жил нийлүүлэхдээ “өт, үс, боолт гарсан” гэх асуудалд холбогдсон “Нүхт тур” ХХК тендерт ялагдаж, шүүх, АТГ-т ханджээ

БАРИМТ: МИАТ-ийн зорчигчдын хоолыг 15 орчим жил нийлүүлэхдээ “өт, үс, боолт гарсан” гэх асуудалд холбогдсон “Нүхт тур” ХХК тендерт ялагдаж, шүүх, АТГ-т ханджээ

МИАТ ТӨХК-ийн онгоцоор үйлчлүүлсэн зарим иргэд “аяллын үеэр зорчигчдод өгсөн хоолны чанар муу байсан” хэмээн гомдоллож, байр сууриа илэрхийлж ирсэн. Гэтэл үнэн хэрэгтээ 2009 оноос хойш сүүлийн 15 орчим жилийн хугацаанд “МИАТ-ийн хоол гэж байхгүй”, зорчигчдын хоолыг “Нүхт тур” ХХК бэлтгэн, нийлүүлж иржээ.

ВИДЕО: 

-"НҮХТ ТУР" ХХК МИАТ-ИЙН ЗОРЧИГЧДЫН ХООЛЫГ НИЙЛҮҮЛЭХ ГЭРЭЭГ АНХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГҮЙ БАЙГУУЛЖЭЭ-

"Нүхт тур" ХХК-тай МИАТ ХК-ийн Катерингийн төвийн удирдах үйл ажиллагааг гүйцэтгэх удирдлагын гэрээ

Тодруулбал, МИАТ компани 2009 оны долдугаар сарын 23-ны өдөр "Нүхт тур" ХХК-тай "МИАТ ХК-ийн Катерингийн төвийн удирдах үйл ажиллагааг гүйцэтгэх удирдлагын гэрээ", мөн тус өдрийн маргааш /2009.07.24/ нь "Агаарын хөлгөөр зорчигчдын хоол бэлтгэн нийлүүлэх гэрээ" гэгчийг байгуулж, “Зорчигчийн хоол” буюу катерингийн үйлчилгээгээ тус компанид шилжүүлээд 15 орчим жил буюу 2024 оны нэгдүгээр сар /2024.01/-ыг хүргэжээ. Харин “зорчигчдын хоол үйлдвэрлэл”-ээ 2009 онд “Нүхт тур" ХХК-нд хариуцуулахдаа тухайн үеийн МИАТ-ийн удирдлагууд хоол үйлдвэрлэлдээ ашиглаж байсан барилга байгууламж, хүний нөөц, тоног төхөөрөмжөө “Нүхт тур" ХХК-нд шилжүүлж байжээ. Мөн МИАТ ХК болон “Нүхт тур” ХХК-ийн хооронд 2009 онд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.3-т “...Гэрээг хоёр жилийн хугацаатайгаар хоёр удаа сунгаж болно” гэсэн хачирхалтай заалтыг оруулсан байна. 

МИАТ ХК "Нүхт тур" ХХК-тай байгуулсан Агаарын хөлгөөр зорчигчдын хоол бэлтгэн нийлүүлэх гэрээ

Хамгийн ноцтой нь, 2009 онд МИАТ компанийн удирдлагууд ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр "Нүхт тур" ХХК-тай гэрээ байгуулж, энэхүү гэрээгээ “нууцалж” байсан гэх мэдээлэл байгаа юм. Тиймээс МИАТ-ийн зорчигчдын хоолыг "Нүхт тур" ХХК бэлтгэн нийлүүлдэг гэдгийг нь магадгүй иргэд мэдэхгүйн улмаас “хоолны чанарт МИАТ-ийг буруутгаж” явсаар өнөөдрийг хүрчээ. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Энэ хуулийн 8.1.1-д “...Босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ”, Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоолоор баталсан “... Худалдан авах бараа 50 сая, ажил, үйлчилгээ 100 сая төгрөгийн босго үнээс дээш тохиолдолд тендер сонгон шалгаруулалт зарлан зохион байгуулна” гэж заажээ. Гэтэл “Нүхт тур" компани дангаараа яагаад энэ олон жилийн турш МИАТ-ийн “Зорчигчдын хоол” катерингийн үйлчилгээг үзүүлж ирэв гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

“Нүхт тур” компани АСЕМ, Ковидын хууль, гэрээний дагуу гэх зүйлсээр халхавчилж, гэрээгээ удаа дараа сунгуулж байжээ.

“Нүхт тур” компанийн гэрээг сунгаж байсан албан бичиг

Тухайлбал:

  • 2011 онд “2 жилээр сунгаж болно гэсэн гэрээний заалт”-ыг үндэслэн 2014 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл сунгажээ.
  • 2015 онд Ази-Европын дээд түвшний уулзалт /АСЕМ/-тай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын 2015.04.20-ны өдрийн 35/264 тоот, Зам, тээврийн яамны 2015.06.22-ны өдрийн 03/2715 тоот албан бичгээр тус, тус үүрэг болгож, “Нүхт тур” ХХК-ийн гэрээг сунгажээ.
  • 2018 онд ЗТХЯ-ны Дэд сайдын “Зам тээврийн хөгжлийн сайд”-ын 2017 оны МИАТ ТӨХК-ийн талаар авах арга хэмжээний тухай 15 дугаар тушаалын 1 дэх заалтын хүрээнд “Нүхт тур” ХХК-тай байгуулсан гэрээг барин ажиллах албан бичгээр сунгажээ.
  • 2018 онд МИАТ компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу “Хоол үйлдвэрлэлийг тасралтгүй хангах” үүднээс, мөн шинэ нисэх буудал руу нүүх хүртэл "Нүх тур" ХХК-ийн гэрээг 3 сараар сунгажээ.
  • 2020 онд "Ковид-19"-ийн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан тендер зарлаагүй байна.
  • 2021, 2022 онд зарласан “Зорчигчдын хоол бэлтгэн нийлүүлэх” тендер амжилтгүй болсон тул “Нүх тур” ХХК-ийн гэрээ дахин сунгажээ.

Мөн энэ хугацаанд Аудитын байгууллагуудаас катерингийн үйлчилгээг тендерийн хуулийн дагуу явуулахыг удаа дараа анхааруулсан тул МИАТ компаниас Зорчигчдын хоол /Катеринг/-ыг нийлүүлэх тендерийг олон улсын хэмжээнд зарлаж, улмаар дэлхийд тэргүүлэх зэрэглэлийн “Gate Gourmet” компани шалгарч байжээ. Гэтэл “Нүхт тур” ХХК тендерийн маргаан үүсгэж, хуулийн байгууллагад хандсан байна. Тиймээс МИАТ-ийн зорчигчдын хоолыг үйлдвэрлэх тендерт шалгарсан “Gate Gourmet” компани уг асуудлаас төвөгшөөж, тендерээ буцааж байсан гэх мэдээлэл хэвлэлийн хуудаснаа бичигдэн үлджээ. 

-МИАТ-ИЙН КОММЕР ЭРХЭЛСЭН ДЭД ЗАХИРАЛ АСАН Ш.ГАНТУЛГА "НҮХТ ТУР"-ЫН ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧ БОЛЖЭЭ- 

Ш.ГАНТУЛГА "Нүхт тур" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах болсон МИАТ-ийн Коммер эрхэлсэн дэд захирал асан

МИАТ ТӨХК-нд ирж буй нийт гомдлын 80-90 хувь нь “зорчигчийн хоол”-той холбоотой гомдол, мэдээлэл байдаг байна. Тиймээс МИАТ компани хоолны чанараа сайжруулах шаардлагыг нийлүүлэгч талд тавьдаг ч, тухайн компани нь “Зорчигчид өөрсдийг нь хорлох зорилгоор хоолонд нь элдэв зүйл хольдог” гэсэн утгатай зүйлсийг ярьж ажлаа сайжруулдаггүй байсан гэх мэдээлэл ч байгаа юм. Эдгээр асуудлаас үүдэж, МИАТ компаниас “Үнэлгээний хороо” байгуулж, “зорчигчдын хоол үйлдвэрлэх” тендерийг удаа дараа зарласан боловч тендер нь амжилттай болдоггүй байж. Тухайлбал, 2019 онд зарласан тендерт нь компаниуд оролцоогүй, зарим тендерийнх нь бүрдүүлэлтийг тендерийн Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь дутуу хийсэн зэрэг шалтгаанаар тендер нь амжилтгүй болж байсан аж. Харин энэ бүхний ард өдгөө "Нүхт тур" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах болсон МИАТ-ийн Коммер эрхэлсэн дэд захирал асан Ш.Гантулга байсан байж болзошгүй байгаа юм. Учир нь тэрбээр МИАТ-ийн зорчигчдын хоол /Катеринг/” нийлүүлэх тендерийн “Үнэлгээний хороо”-г ахлан ажиллаж байжээ. 

"МИАТ" ТӨХК-аас “Зорчигчдын хоол /Катеринг/” нийлүүлэх тухай 9,5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий тендерийг 2023 оны аравдугаар сар /2023.10/-д зарлаж, улмаар тус тендерт нь “Ред рок катеринг” компани шалгарч, 1 жилийн хугацаатай гэрээ байгуулан 2024 оны нэгдүгээр сар /2024.01/-аас эхлэн МИАТ-ийн “зорчигчдын хоол”-ыг нийлүүлж эхэлсэн байна. МИАТ ТӨХК-аас зарласан тус тендерт "Нүх тур" ХХК, "Эйркатеринг" ХХК, "Номадс катеринг энд интегрэйтед сервисис" ХХК, "Үлэмж Эс Жи Жи катеринг" ХХК, “Ред рок катеринг” ХХК, “Блүфин катеринг сервис” ХХК гэсэн зургаан компани оролцсон байна. 

Гэтэл тус тендерийг хууль бус болсон хэмээн "Нүх тур" ХХК маргаан үүсгэж, хууль хяналтын байгууллагад хандах болсон байна. Харин өдгөө “Нүхт тур” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр МИАТ-ийн Коммер эрхэлсэн дэд захирал асан Ш.Гантулга ажиллаж, АТГ, шүүх зэрэг хууль сахиулах байгууллагад хандаад байгаа аж. Хамгийн ноцтой нь “Зорчигчдын хоол үйлдвэрлэх” өмнөх тендерүүд амжилтгүй болдог байсан “Үнэлгээний хороо”-г Ш.Гантулга МИАТ компанид ажиллаж байхдаа ахалж байсан. Мөн Ш.Гантулга нь "Нүхт тур"-ын МИАТ-тэй байгуулсан гэрээг сунгахад ч дэмжих санал өгч байж. Түүнчлэн 2017 онд Бангкок чиглэлд нислэг үйлдэх болсонтой холбоотойгоор Ш.Гантулга "Нүхт тур" ХХК-тай гэрээ байгуулж гарын үсэг зурж байжээ. Ийнхүү "Нүхт тур" компанитай холбоотой асуудлуудад МИАТ-ийг төлөөлж, гарын үсэг зурж, хариуцан ажиллаж байсан Ш.Гантулга нь өдгөө "Нүхт тур" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид дараагийн нийтлэлд онцлон хүргэх болно. 

Ташрамд өгүүлэхэд, МИАТ ТӨХК-ийн “Зорчигчдын хоол”-ыг сүүлийн 15 орчим жилийн хугацаанд нийлүүлсэн “Нүхт тур” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Н.Хандсүрэн, Д.Хоржав нар бүртгэгдсэн бол тус компанийн гүйцэтгэх захирлаар Н.Хандсүрэн ажилладаг байна. Тухайн компани нь нисэх онгоцоор үйлчлүүлэгчдийн хоол бэлтгэх, аялал жуулчлал, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. 

Үргэлжлэл бий…




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө