Ж.Батзандангийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт хэргийг оролцогч нар нь гомдол гаргавал дээд шатны прокурор хянана

Ж.Батзандангийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт хэргийг оролцогч нар нь гомдол гаргавал дээд шатны прокурор хянана

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний туслах Г.Аюулгүй нарыг 2022 оны арванхоёрдугаар сард цагдан хорьж, шалгаж эхэлсэн байдаг.

Тодруулбал, Ж.Батзанданийг “Улс төрийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон, мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд байнга тогтвортой оролцсон үйлдэл"-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. 

Харин Ж.Батзанданд холбогдох хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм. Тэгвэл Ж.Батзанданд холбогдох хэргийн талаар эх сурвалжаас тодруулахад "Ж.Батзанданд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гарсан нь үнэн" гэдгийг хэллээ. Гэхдээ хэргийн бусад оролцогч нарт мэдэгдэх ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд хэргийн оролцогч нар гомдол гаргавал шийдвэрийг дээд шатны прокурор хянах аж. Тиймээс дээрх тогтоол нь хүчин төгөлдөр болоогүй байгаа гэсэн үг юм.