Ховд аймгийн прокурорын газраас тус аймгийн Буянт сумын ИТХ-ын даргад холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Ховд аймгийн Буянт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Ц нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тоног төхөөрөмж худалдан авах ажлын зөрүү төлбөрийг бэлнээр авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Мөн Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас иргэн Г.Г, Э.Б нар нь Ховд аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ.