ШУУРХАЙ: ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газрын Дотоод хяналтын багийн дарга Д.Ган-Эрдэнэ "Төрийн нууцыг үрэгдүүлсэн" хэрэгт холбогджээ

ШУУРХАЙ: ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газрын Дотоод хяналтын багийн дарга Д.Ган-Эрдэнэ "Төрийн нууцыг үрэгдүүлсэн" хэрэгт холбогджээ

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Менежментийн баг болон Дотоод хяналтын багийн даргын албан тушаалыг давхар хашиж буй Д.Ган-Эрдэнэ нь төрийн нууцыг үрэгдүүлсэн хэрэгт холбогджээ. 

Тодруулбал, тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байхдаа дээрх хэрэгт холбогдсон байна. Тиймээс Тагнуулын байгууллагаас Д.Ган-Эрдэнийг яллагдагчаар татан мөрдөн шалгаж, улмаар Нийслэлийн прокурорын газраас тус хэрэгт Эрүүгийн хуулийн 19.13-1 дэх хэсэг буюу Төрийн нууцыг үрэгдүүлсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Харин шүүхээс тус хэргийг "маш нууц" хэмээн шүүж байгаа аж.

Тус хэргийг шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 22 /2024.01.22/-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдоод байсан ч гэрч, шинжээч шүүх хуралд ирээгүй гэх шалтгаанаар энэ сарын 23-ны /2024.02.23/ өдрийг хүртэл хойшилсон байна.  Эрүүгийн тухай хуулийн 19.13 дугаар зүйл, "Төрийн нууцыг үрэгдүүлэх" 1-д "Төрийн маш нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйлийг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд тэдгээртэй харьцах талаар тогтоосон журам зөрчсөний улмаас үрэгдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ. 

Ташрамд өгүүлэхэд, дээрх хэрэгт холбогдоод буй Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Менежментийн баг болон Дотоод хяналтын багийн даргын албан тушаалыг давхар хашиж буй Д.Ган-Эрдэнэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа аж. 




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө