Фиона Донкастер: Монгол орноор тэмээтэй аялахад яг л өөр гараг дээр байгаа юм шиг гайхалтай мэдрэмжийг төрүүлсэн /ВИДЕО/

Фиона Донкастер: Монгол орноор тэмээтэй аялахад яг л өөр гараг дээр байгаа юм шиг гайхалтай мэдрэмжийг төрүүлсэн /ВИДЕО/

“Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн баяр айлчлан ирлээ. Та бүхэн сар шиндээ сайхан шинэлж байна уу. iSee.mn сайтын Social ID булангийн сар шинийн баярын дугаартаа идэр есийн хүйтэнд монгол орноор тэмээтэй аялсан аялагч эмэгтэй Фиона Донкастерыг онцоллоо.

Түүний хувьд Америк, Канад, Австрали, Шинэ Зеаланд улсын долоон аялагчтай хамтран Өвөрхангай аймгийн нутгаар есөн өдрийн турш 450 км замыг тэмээтэй туулаад байгаа юм. Ингэхдээ  Улаанбаатар хотоос гарч Өвөрхангай аймагт орших Монгол түмний морины их шүтээнийг үзэж Баруунбаян-Улаан суманд очиж тэмээ унаж эхлэн цаашлаад Богд сумын нутаг дэвсгэрээр аялжээ. Аяллын туршид Баруунбаян-Улаан сумын элс, тэмээний баяр , Богд сумын Алтантэвш хайрхны хадны сүг зураг, Алтан нам, Шахлага хайрхан, дугуй чулуу ,агуй , байгалийн өвөрмөц тогтоц, тэмээний идээ ундаа түүнтэй холбоотой соёл уламжлал тоглоом наадгай зэргийг үзжээ. Мөн аяллын онцлох зүйл нь аялагчид “Дархан нэхий” компанийн эх орны үйлдвэрийн нэхий болон бусад эдээр хийсэн үстэй дээл, хүрэм, үнэгэн малгай, нохой гутал зэргээр хувцаслаж, монгол үндэсний хувцас, хоол, мал аж ахуйн соёлтой танилцсан байна. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО: 

-Сайн байна уу. Та юуны түрүүнд манай үзэгч болон уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Та бүхэн Сар шинэдээ сайхан шинэлж байна уу. Намайг Фиона Донкастер гэдэг. Би Лондоноос нэгдүгээр сарын 20-нд Монголд ирсэн.

-Монгол орноор тэмээтэй аялах аяллын талаар хаанаас олж мэдэж, оролцох болов?

-Би тэмээтэй монголоор аялах сурталчилгааг анх фейсбүүкээр харсан.  Энэ аялал надад сонирхолтой гэнэтийн адал явдалтай байх юм шиг санагдсан. Тэгээд тэмээтэй аялалд явмаар санагдаж маш их догдолсон. Тиймээс аяллын компаниар жуулчлуулж монголд ирсэн. Тэмээ унаж монгол орноор аялах нь надад маш их адал явдалтай сонирхолтой байлаа.

-Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлч нэлээд хүйтэн өдрүүд байсан шүү дээ. Эдгээр өдрүүдэд хэдэн км замыг тэмээгээр туулсан бэ?

-Тиймээ монголын өвөл мэдээж дулаахан байгаагүй. Миний хэзээ ч байж үзээгүй хүйтэн цаг агаар, уур амьсгал байсан. Азаар бидэнд зориулж хийсэн дээл хувцас намайг маш дулаахан байлгаж чадсан. Гэхдээ уур амьсгал бол үнэхээр их хүйтэн байсан. Бид есөн өдрийн турш 450 км замыг тэмээгээр туулсан.

-Та өмсөж буй монголын үндэсний дээл, хувцсаа хаанаас авсан бэ?

-Миний өмсөж байгаа энэ дээл хувцсыг монгол брэнд “Дархан нэхий” хийж өгсөн. Тус газраас миний биеийн размер хэмжээг авч, хувцасны өнгийг хүртэл биднээр сонгуулж хийж өгсөн.

-Аяллын хамгийн хэцүү зүйл нь юу байв. Мөн онцлон дурдах сонирхолтой зүйл байсан уу?

-Аяллын хамгийн хэцүү зүйл нь тэсхэм хүйтэнд гадаа модон жорлонд бие засах байсан. Харин хамгийн сонирхолтой нь өглөөний хүйтэнд сэрээд цэлмэг тэнгэр харах бас хамаг бие маань хүйтнийг мэдэрч сэргэх мэдрэмж үнэхээр янзтай байсан. Бас байгалийн үзэсгэлэн гоо байдал нь үнэхээр зүйрлэж хэлэхийн араггүй сайхан байсан. Зүгээр л яг өөр гариг дээр ирчихсэн юм шиг мэдрэмжийг төрүүлж байсан.

-Тэмээгээр аялахын онцлог нь юу байв. Мэдээж машинтай газар үзэж явахаас өөр байх?

-Тэгэлгүй яах вэ. Тэмээтэй аялах болон машинтай аялахын ялгаа яг өдөр шөнө шиг байдаг. Тэмээ гэдэг амьтан маш хурдан унаж буй эзнээ ойлгодог юм шиг санагдсан. Ер нь бол унаж байсан тэмээ маань өөрөө намайг хамгаалж, эрсдэлээс болгоомжилж авч явсан. Магадгүй эзэн малчид нь тэгж сайн сургасан байх. Тэд тэмээгээ маш сайн сургасан байсан. Би өөрөө морь унадаг хүн гэхдээ тэмээ илүү өндөр байдаг болохоор хорвоо дэлхийг илүү өндрөөс буюу арай өөрөөр хардаг. Бас тэмээ удаан явдаг болохоор тайван аялах нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Хүмүүст зөвлөхөд аялах гэж байгаа бол тэмээтэй явах нь хамгийн зөв сонголт байх болно гэж хэлмээр байна. 

-Аяллын явцад аялагчдад монгол малчид маань тэмээ бэлэглэсэн гэж сонссон. Болсон үйл явдлын талаар сонирхуулаач?

-Нэг тийн гайхмаар бас гайхалтай зүйл тохиолдсон. Юу гэхээр манай аялагчдын багийн хоёр эмэгтэйд малчин айл тэмээ бэлэглэсэн. Тэр нь бас миний огт төсөөлөөгүй гайхалтай үйл явдал нь болсон.

-Та монголд дахин ирэх үү?

Би монголд дахин ирнэ гэдгээ маш итгэлтэйгээр хэлмээр байна. Монголын хамгийн сэтгэл татагдам зүйл нь хүмүүс нь байсан. Аяллын явцад таарсан малчид англи хэлгүй. Бидэнтэй ойлголцож чадахгүй байгаа ч гэсэн маш гоё найрсгаар хүлээн авч хонь, ямаа, үхэр гээд таван хошуу мал зэргийг танилцуулж элгэмсэг дотноор хүлээж авсан. Би монгол хүмүүсийг ийм найрсаг гэж төсөөлөөгүй байсан. Бас би энэ завшааныг ашиглаад талархал илэрхийлмээр байна. Хэрвээ “Big blue flower” аялал жуулчлалын газар байгаагүй бол ийм гоё аялалд явахгүй байх байсан. Энэ газар бүх зүйлийг маш сайн зохион байгуулсан. Бид таван одтой зочид буудал биш говьд аялсан ч гэсэн биднийг маш сайн харж хандсан. Аяллын явцад шагналт тогоочоор бидэнд хоол хийлгэж, аяллын багын дарга Ю.Үнэнбүрэн бидний бүх зүйлд санаа тавьж байсан. Аяллын турш бидний аюулгүй байдлыг хангах зорилгоор нэг машин дагаж явсан. Тэнд нь бас нэг эмч дагалдан явсан. Бидэнтэй явж байсан орчуулагч бас үнэхээр сайн хүн байсан. Бүх зүйл дээр тусалсан. Ажлаа маш сайн хийдэг хүн байсан.

Монгол өөрөө үнэхээр үзэсгэлэнтэй орон гэхдээ эдгээр хүмүүс монголыг илүү сайхнаар харуулж биднийг үнэхээр таатай аялуулж чадсан. Тэд байгаагүй бол бид юунаас эхэлж, хаагуур яаж аялахаа мэдэхгүй байх байсан. Тэдний тусламжтайгаар бид бүх зүйлийг шинээр харж гайхалтай адал явдалтай учирсан. Хүмүүс монголд ирэх хэрэгтэй. Энэ бол үнэхээр үзэсгэлэнтэй, уудам газар нутагтай орон. Мөн монголчууд энэ байгалиа яг байгаагаар нь дараа дараагийн үр хойчдоо өвлүүлж, хүмүүст ийм үзэсгэлэнтэй газар байдгийг харуулж хамгаалж үлдэх хэрэгтэй. Монголын хоол нь гоё. Хүмүүс нь маш эелдэг учраас энэ газарт нэг тийм бүхнээс хамгаалагдсан амар амгалан байдлыг мэдэрсэн. Энд ирсэн хүн маш тайван байдаг. Монгол маш тайван орон. Хүн болгоны хийх зүйлсийг жагсаалтад Монгол руу ирэх жагсаалт байхгүй байж магадгүй. Гэхдээ би энэ улсад ирэх хэрэгтэй шүү алдах зүйл байхгүй. Харин ч маш оновчтой шийдвэр байх болно гэж хэлмээр байна.

-Бидэнтэй ярилцасан танд баярлалаа.

-Өнөөдөр миний монголд байх сүүлийн өдөр. Маргааш би Лондон руу ниснэ. Үзэсгэлэнтэй Монгол оронд баяртай гэж хэлж  байгаадаа маш гунигтай байна. Энд ирээд надтай ярилцаж байгаа iSee.mn сайтад маш их баярлалаа. Надтай хамт аялсан хүмүүсийн өмнөөс хэлэхэд бас яг надтай адил юм ярих байх гэж бодож байна. Та бүхэнд үнэхээр их талархлаа.

ФОТО: