ШУУРХАЙ: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог цуцалж, суллах эсэхийг өнөөдөр шийднэ

ШУУРХАЙ: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог цуцалж, суллах эсэхийг өнөөдөр шийднэ

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Н.Өнөрцэцэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай Нийслэлийн Прокурорын газрын "маш нууц" зэрэглэлтэй ирүүлсэн гэх тус саналыг үндэслэн түүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хоёрдугаар сарын 04-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаатайгаар сунгаж шийдвэрлэсэн билээ. 

Харин уг шийдвэрийг сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар эсэргүүцэж, Ерөнхий шүүгчид гомдол гаргасан аж. Уг гомдлыг өнөөдөр /2024.02.09/ 14:00 цагаас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхээр товлосон байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /худал мэдээлэл тараах/, 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /татвар төлөхөөс зайлсхийх/, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг /мөнгө угаах/, 19.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /төрийн нууцыг хууль бусаар олж авах/ зэрэг эрүүгийн хэргүүдэд яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа гэдгийг хуулийн байгууллагаас мэдээлсэн байдаг.