Д.Ононгийн ач хүү Б.Амартүвшин: "Пүрэвийн Мэндээгийн морь" гэх үедээ би гурван настай байсан /ВИДЕО/

Д.Ононгийн ач хүү Б.Амартүвшин: "Пүрэвийн Мэндээгийн морь" гэх үедээ би гурван настай байсан /ВИДЕО/

2009 оны Үндэсний их баяр наадам. Тод манлай уяач Д.Оногийн уяа. Телевизийн нэвтрүүлгийн үеэр "Пүрэвийн Мэндээгийн морь байна. Надад хэл байгаа энэ байна" хэмээн хэвлүүхэн яриад өвөөгийнхөө өвөр дээр эрхлэн суух хүүг Батболдын Амартүвшин гэнэ. Хожим нь "Морь сайн тавьдаг хүү" хэмээн олноо танигдаж, хайрлагдсан бяцхан хүү өдгөө аравдугаар ангийн том сурагч болжээ. Өв соёл, ёс заншлаа дээдэлж, морь уях эрдэмд суралцан өвөө шигээ Монгол Улсын тод манлай уяач болох мөрөөдөл тээж яваа уяач Д.Ононгийн ач хүү Батболдын Амартүвшинг бид Сар шинийнхээ баярын дугаарт онцолж байна. 

ВИДЕО: 

Төв аймгийн Сэргэлэн суманд өвөлжиж байгаа Д.Ононгийн Батболдынх аргагүй л манлай уяачийнх гэдэг нь нүднээ илт. Хурдан морины жүчээ, морьдын янцгаах чимээ тэднийхийг замчилна. Биднийг зорьсон газартаа ирэхэд манай нэвтрүүлгийн зочин Тод манлай уяач Д.Ононгийн ач хүү Батболдын Амартүвшин аав болон найз, дүү нарынхаа хамт морины уяан дээрээ байв. Тэд ирэх жилийн наадамд хурдлах морьдоо сойгоод хэдийнээ ажил нь эхэлсэн талаар хүүрнэж байлаа. "Хурдан морины уралдаан нь монголчуудын уламжлалт өв соёл" хэмээн бахархан ярих Б.Амартүвшин хүү багадаа тунчиг хэвлүүхэн, нүүрэмгий хүүхэд байжээ. Харин тэрбээр өдгөө гурван дүүгийн ах болсон учир даруухан, ажилсаг нэгэн болсон гэдгээ биднээс нуугаагүй юм.

Б.Амартүвшин Тод манлай уяач Д.Ононгийн ач хүү

Б.Амартүвшин Улаанбаатар хотод ЕБС-д сурдаг бөгөөд улирлын амралтаараа аавдаа туслахаар нутагтаа ирээд байсан нь энэ.  Аавынхаа баруун гар, туслах уяачийг нь хийж байгаа тэрбээр багаасаа хурдан морь унаж, өвөөгийнхөө дэргэд, хурдан морьдын тоосонд хүн болж өсжээ. Энэ нь түүнийг уяач болох хүсэл мөрөөдөл рүү хөглөсөн байна. Түүний олонд танигдсан бичлэг хийгдэх үед тэрбээр гурван настай байсан аж. Харин энэ талаараа төдийлөн сайн санадаггүй. Хаяа бичлэгээ үзэхээр ичээд байдаг. Гэхдээ дурсгалтай гээд гар утсан дээрээ хадгалж авсан хэмээн бидэнд хуучилж суусан юм. 

Улсын баяр наадмаар О.Батбилэг ахынхаа хурдан халзан азаргыг унаж, айрагдаж байсан тэрбээр гурван жил гаруй хурдны морь унаад, хурдан морины хүүхдийн тооноос хасагджээ. Б.Амартүвшин хүү "Хурдан том болоогүй байсан бол ахиад олон удаа улсын наадамд түрүү мангайд хурдалж, торгон жолоогоо өргүүлэх байсан байх даа" гээд санаа алдах нь аргагүй л моринд хайртай Монгол хүү гэдгийг нь илтгэж байлаа. 

Б.Амартүвшин Тод манлай уяач Д.Ононгийн ач хүү

Өнгөрсөн жил Төв аймгийн 100 жилийн баяр наадмаар түүний уяж сойсон хурдан хөлөг айргийн тавд хурдалсан нь уяач болох мөрөөдлийнх нь жигүүр болсон байна. Тэрбээр энэ талаар "Аав минь Хэнтий аймгийн наадамд явах гээд надад Төв аймгийн наадамд сойх морьдоо хариуцуулаад ах нарын хамт үлдээсэн юм. Тэр үед аавынхаа итгэлийг алдах вий гэж эмээж байсан. Харин манай морьд их хурдан байсан учраас олон айраг түрүү авсан. Тэдний дотор миний өөрийн уясан даага айргийн гуравт орсон. Уралдааны үеэр даагаа суучихлаа даа гэж эмээж байтал нэг суугаад буцаад гараад ирсэн. Тэгээд гуравт хуралдсан. Тэр үед үнэхээр их баярласан. Уяач хүний жаргал энэ юм байна даа гэдгийг мэдэрсэн дээ" хэмээн өгүүлсэн юм.

Хүлгийн тоосонд салхи татуулан давхих Б.Амартүвшин хурдан морьдыг хэний, ямар хүлэг вэ гэдгийг хэзээний андахгүй мэдэх болжээ. Тэр удахгүй өвөө шигээ Монгол Улсын Тод манлай уяач болох нь дамжиггүй биз ээ.

Б.Амартүвшин Тод манлай уяач Д.Ононгийн ач хүү