Д.Түвшинсайхан: Морин хуурыг гэртээ тавилга шиг хадгалах бус хүндэтгэлтэй зөв хэрэглэх зарлигийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргасан нь цагаа олсон /ВИДЕО/

Д.Түвшинсайхан: Морин хуурыг гэртээ тавилга шиг хадгалах бус хүндэтгэлтэй зөв хэрэглэх зарлигийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргасан нь цагаа олсон /ВИДЕО/

Энэ сарын 01 /2024.02.01/-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргасан. Энэхүү зарлигт, "Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т чиглэл болгосугай" гэсэн байдаг.

Иймд бид "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг"-тай холбогдуулж "Морин хуур чуулга"-д зочилж, XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн баярын дугаараа бэлтгэлээ. 

ВИДЕО:

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дээрх зарлиг нь морин хуурыг зөв, хүндэтгэлтэй хэрэглүүлэхэд зорьж буй. Өмнө нь Н.Багабанди Ерөнхийлөгч морин хуурыг зөвхөн дээдлэх агуулгаар зарлиг гаргаж байсан бөгөөд үүний дагуу айлууд морин хуур авч хоймортоо залаад орхисон гэдэг. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ зарлигаар айлууд залаад орхисон морин хуураа хөглөж, хамгийн энгийн татлагаар амь оруулж чаддаг байх, морин хуургүй айл нь "болсон, болоогүй" дуугарах, дуугарахгүй макет шиг морин хуурыг авах биш зөв газраас нь мэргэжлийн урлаачдын хийсэн хөгжмийг авч мөн хэрэглэж хэвших зэрэгт зорьж байгаа юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигт

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Нэг. Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т чиглэл болгосугай.

  • 1.1.Ерөнхий боловсролын сургалтын байгууллагуудад үндэсний урлагийн цогц боловсрол олгох сургалтын орчин, нөхцөл, санхүүжилтийг бүрдүүлж, сургалтын хөтөлбөрт морин хуурын тусгайлсан хөтөлбөрийг тусган хэрэгжүүлэх;
  • 1.2.Аймаг, сум, нийслэл, дүүргийн соёлын төв, соёлын ордны үйл ажиллагааны чиглэлд морин хуурын сургалт явуулах агуулгыг тусган, мөрдүүлэх;
  • 1.3.Олон улсад морин хуурыг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх чиглэлд түлхүү анхааран, хилийн чанад дахь Монгол сургууль, сургалтын төвүүд дэх морин хуур болон үндэсний урлагийн сургалтыг дэмжих тусгайлсан хөтөлбөр гаргах;
  • 1.4.Төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч – Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлж, холбогдох төсөв, санхүү, материаллаг баазыг бэхжүүлэн шийдвэрлэх, мэргэжлийн морин хуурч бэлтгэх тогтолцоог дэмжихэд анхаарах;
  • 1.5.Морин хуур хөгжмийн зэмсгийн урлал, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, хөгжмийн зэмсэг урлаачдыг бэлтгэх;
  • 1.6.Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын олон улсын наадам”-ыг 3 жил тутам зохион байгуулах.

Хоёр. Монгол айл өрх бүр морин хуурын аялгууг эгшиглүүлэн, үр хойчдоо өвлүүлэн сургаж, үндэсний урлаг, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг нийт ард иргэдэд уриалсугай.

Гурав. Энэхүү зарлигийн хэрэгжилтийн явцыг олон нийтэд тухай бүр мэдээлж, тайланг Монгол Улсын Ерөнхийлөгчид жил бүр ирүүлж байхыг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т чиглэл болгосугай” гэжээ.