ВИДЕО: Хятад эрийн гомдлоор "Эрдэнийн босго" ХХК-ийг битүүмжилсэн тогтоолыг УЕПГ-аас хүчингүй болгосон ч, Нийслэлийн прокурор дахин битүүмжлэх тогтоол гаргажээ

ВИДЕО: Хятад эрийн гомдлоор "Эрдэнийн босго" ХХК-ийг битүүмжилсэн тогтоолыг УЕПГ-аас хүчингүй болгосон ч, Нийслэлийн прокурор дахин битүүмжлэх тогтоол гаргажээ

"Эрдэнийн босго" ХХК-ийн Сүхбаатар аймагт байрлах уурхайг БНХАУ-ын иргэн Шөн Жиан шуан гэгч этгээд өөрийн болгохоор Монгол Улсын иргэн А.Энхээд янз бүрийн хэрэг тохож, улмаар хууль хүчний байгууллагаас "уяж", гэр бүлд нь халдсан байж болзошгүй баримтыг бид өмнө нь дэлгэж байсан билээ.

ВИДЕО: "Эрдэнийн босго" ХХК-ийн "Хулман нуур" нүүрсний уурхайд хятадууд санаархаж эхэлсэн түүх

-"ЭРДЭНИЙН БОСГО" ХХК-ИЙН АЖИЛЧДЫН ЦАЙНЫ ГАЗРЫГ ХҮРТЭЛ БИТҮҮМЖЛЭХ ТОГТООЛЫГ ПРОКУРОР ГАРГАЖЭЭ-

Тэгвэл эл хэрэг өнөөг хүртэл үргэлжилж, Монгол Улсын иргэн А.Энхээгийн эзэмшлийн уурхайг битүүмжлэх прокурорын тогтоол дахин гарчээ. Тодруулбал, Шөн Жиан Шуан гэгчийн өмгөөлөгчийн гомдлоор Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын "Хулман нуур" гэх газарт байрлах "Эрдэнийн босго" ХХК-ийн эзэмшлийн нүүрсний ил уурхайг битүүмжлэх тухай тогтоолыг 2023 оны тавдугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн прокурорын орлогч прокурор А.Энхжаргал гаргасан байдаг. Улмаар А.Энхээ нар нь тус прокурорын тогтоолд гомдол гаргаж, дээд шатны прокурорт хандсанаар 2023 оны долдугаар сарын 20-ны өдөр Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат дээрх хөрөнгө битүүмжлэх прокурорын шийдвэрийг хүчингүй болгосон байдаг. 

ВИДЕО:  Хятад эрийн гомдлоор хэрэгт холбогдолгүй “Эрдэнийн босго” ХХК-г битүүмжлэх тогтоолыг А.Энхжаргал прокурор гаргаж, хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчиж байжээ

Гэтэл өнгөрсөн нэгдүгээр сарын 18 /2024.01.18/-ны өдөр "...Эд хөрөнгө битүүмжлэх шийдвэрийг зөрчүүлж, уурхайд үйл ажиллагаа явуулсан.." гэх шалтгаанаар Нийслэлийн прокурорын орлогч прокурор Б.Энх-Эрдэнэ нь "Эрдэнийн босго" ХХК-ийн эзэмшлийн нүүрсний ил уурхай /трансфориатор, оффисын барилга, ачилт буулгалт хийх талбай, пүү, ажилчдын цайны газрын барилга, шатахуун түгээх цэг, автомашины гараж, агуулах гэх мэт объектууд/-г битүүмжлэх шийдвэр гаргасан байна. Ингэхдээ битүүмжилсэн эд хөрөнгийг А.Энхээ болон тус уурхайн талбайг хариуцан ажиллаж байгаа эрх бүхий этгээдэд хадгалах, хамгаалах үүргийг хүлээлгэхээр заажээ. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар "эд хөрөнгө битүүмжлэх Нийслэлийн прокурорын орлогч прокурор А.Энхжаргалын гаргасан дээрх шийдвэр нь "Эрдэнийн босго ХХК нь эрүүгийн хэрэгт яллагдагч, эсвэл иргэний хариуцагчаар татагдаагүй байхад компанийн эзэмшлийн нүүрсний ил уурхайг битүүмжилсэн нь бусад хувьцаа эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар байна" хэмээн дээд шатны прокурор үзэж, эх хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосон. Гэтэл энэ хууль зөрчсөн тогтоолыг үндэслэн дахин уурхайн үйл ажиллагааг зогсоож, хөрөнгө битүүмжлэх гэж байгаа нь ямар нэгэн эрх ашгийн зөрчил байж магадгүй хэмээн үзэж байгаа аж. 

-"ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ" ХЭМЭЭН ХЭРЭГ НЭЭХЭЭС ТАТГАЛЗАЖ БАЙСАН ТОГТООЛЫГ Д.БАЯРЖАРГАЛ ПРОКУРОР ХҮЧИНГҮЙ БОЛГОЖЭЭ-

Өдгөө ийнхүү эд хөрөнгөө битүүмжлүүлж, хууль хяналтын байгууллагаар шалгагдах болсон Монгол Улсын иргэн А.Энхээд холбогдох хэрэг нь "зохиол"-той явсан байж болзошгүй гэх хардлага байгаа юм.  Учир нь БНХАУ-ын иргэн Шөн Жиан Шуаны 2017 онд Мөрдөн байцаах албанд гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг тус газрын Залилах, хөрөнгө завших гэмт хэрэг мөрдөх хэлтэс шалгаад БНХАУ-ын иргэн Шөн Жиан Шуан, Цүй Кай нарын хооронд байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудал нь иргэний журмаар шүүхээр шийдвэрлэвэл зохих маргаан байна.

Шалгалтаар БНХАУ-ын иргэн Цүй Кай нь гэрээгээр халхавчлан БНХАУ-ын иргэн Шөн Жиан Шуаныг залилсан болох нь тогтоогдоогүй, залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй, эрүүгийн хэрэг үүсэх үндэслэлгүй хэмээн хэрэг үүсгэхээс татгалзаж байсан байгаа юм. Мөн уг шийдвэрт удаа дараа гомдол гаргасан өмгөөлөгчийн гомдлыг ч прокурор хүлээн авахаас татгалзаж байжээ.

Тэр ч байтугай 2022 оны нэг болон дөрөвдүгээр сард өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргаж байсан "эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолыг хүчингүй болгож, БНХАУ-ын иргэн Шөн Жиан Шуаны онц их хэмжээний хөрөнгийг захиран зарцуулж, залилсан гэмт үйлдлийг хуулийн дагуу шалгаж, хохирол нөхөн төлүүлж өгөх" гомдлыг Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболд, Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат нар "дахин авч үзэх үндэслэлгүй" гэсэн шийдвэрийг тус тус гаргаж байсан аж. 

Гэтэл 2022 оны долдугаар сарын 07-ны өдөр Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Баяржаргал нь "Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Отгонсүрэнгийн 2017 оны зургаадугаар сарын 29-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолыг хүчингүй болгох тогтоол гаргасан байна.

Товчхондоо, залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй, эрүүгийн хэрэг үүсэх үндэслэлгүй хэмээн шат шатны прокурор үзэж байсан хэргийг өмгөөлөгч Д.Баяржаргалын удаа дараа гаргасан гомдлыг үндэслэн хүчингүй болгосон байгаа юм. Тиймээс тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, улмаар шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байдаг. Гэвч прокуророос өнөөг хүртэл хэргийг шүүхэд шилжүүлэхгүй, хөрөнгө битүүмжлэх зэрэг ажиллагааг хийж байгаа нь компанийн хувьцаа эзэмшигчдийн эрхэнд халдаж байгаа үйлдэл хэмээн үзэж байгаа юм.