ШУУРХАЙ: "Өвөл морь уралдуулах" хүсэлтийг ЗГ-ын хурлаар хэлэлцсэн ч шийдвэр гаргаагүй байна

ШУУРХАЙ: "Өвөл морь уралдуулах" хүсэлтийг ЗГ-ын хурлаар хэлэлцсэн ч шийдвэр гаргаагүй байна

Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны хуралдаанаар өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглосон тогтоолыг батласан. Уг тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 1-ний хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон юм.

Тэгвэл уг хугацааг арваннэгдүгээр сарын 01-нээс гуравдугаар сарын 01-ны өдөр болгон өөрчилж өгөх хүсэлтийг Монголын Морин спорт уяачдын холбооноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд гаргасан байдаг. Улмаар уг хүсэлтийг өнөөдрийн  /2024.02.14/ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн ч ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. 

Учир нь уг тогтоол нь шүүхийн шийдвэртэй учир өөрчлөлт орох боломжгүй аж. Уг тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 21 аймаг, Нийслэлийн Засаг даргад орон нутагтаа уралдаан зохион байгуулахыг хориглосон захирамж гаргах, захирамжгүйгээр уралдаан, сунгаа зохиосон бол хариуцлага тооцох тухай санал хүргүүлсэн боловч тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш жил бүр өвлийн морин уралдааныг нууцаар зохион байгуулж ирсэн. Тиймээс үүнийг болиулж төрийн байгууллагуудын хяналт дор өндөр зохион байгуулалттайгаар гуравдугаар сарын 01-ны өдрөөс хойш нэмэх хэмд морь уралдуулдаг болох хүсэлтийг Монголын Морин спорт уяачдын холбооноос гаргасан нь энэ аж. Монголын Морин спорт уяачдын холбооноос гаргасан дээрх хүсэлтээс гадна УИХ-ын гишүүн Ц.Туваан нар Цагаан сарын баяраас хойшхи нэмэх хэмтэй өдөр морь уралдуулж болох хуулийн төслийг өргөн барьсан байдаг.