Н.Амарсанаа: Хуурамч архи худалдаалдаг 96 цахим хаяг, 74 группыг хаасан

Н.Амарсанаа: Хуурамч архи худалдаалдаг 96 цахим хаяг, 74 группыг хаасан

Цагдаагийн байгууллагаас сар шинийн өдрүүдийн гэмт хэрэг, зөрчил, эрүү, хэв журам, авто замын нөхцөл байдлын талаар нэгдсэн мэдээллийг өнөөдөр хийлээ. 

Нийтийн хэв журам хамгаалах албаны дэд бөгөөд захиргаа удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Н.Амарсанаа "Сар шинийн өмнөх өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулж иргэдэд хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй хуурамч архи хууль бусаар худалдах хэрэг нэмэгдсэн байна. Иймд цагдаагийн байгууллагаас уг хэрэгтэй холбоотой 96 фэйсбүүк хаяг, худалдан борлуулах зорилгоор нээсэн 74 группийг илрүүлж хяналт шалгалтын ажил зохион байгуулсан. 

Шалгалтын үр дүнд 250 орчим зөрчлийг илрүүлж 5500 орчим шил архийг хураан авсан. Иргэд хувиараа хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй ямар нэгэн акц байхгүй, татвар төлөөгүй согтууруулах ундааг хөрш орнуудаас оруулж ирсэн зөрчлүүд ихээр илэрсэн. Мөн хэт доогуур хямд үнээр архи зарж байсан нэр бүхий зургаан архины үйлдвэрийн 10 нэр төрлийн архины татварын акцад шалгалт хийж зарим зөрчлийг илрүүлсэн" гэдгийг онцоллоо.