Улсын Онцгой комисс "цаг үеийн асуудал"-аар өнөөдөр 15.00 цагт хуралдахаар болжээ

 Улсын Онцгой комисс "цаг үеийн асуудал"-аар өнөөдөр 15.00 цагт хуралдахаар болжээ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээгээр энэ оны хоёрдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, ХанХөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд таван аймгийн 21 суманд цасны нягт 0,35-1,05 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна. Улсын хэмжээнд мөн өдрийн байдлаар 508,039 толгой мал хорогдсон, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод зэрэг аймагт хорогдол ихтэй байна.

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргасан юм. Тэгвэл Улсын онцгой комисс өнөөдөр /2024.02.15/ 15.00 цагт хуралдаж, Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх эсэхийг хэлэлцэх юм. Тэгвэл өнөөдөр Улсын онцгой комисс 15.00 цагаас хуралдах товтой байна.

   Т.Урангуа