"Өргөн нэвтрүүлгийн 18 телевизэд хураамж төлж буй зохицуулалтыг хүчингүй болгох" тухай өргөдөлд иргэдээс санал авч эхэлжээ

"Өргөн нэвтрүүлгийн 18 телевизэд хураамж төлж буй зохицуулалтыг хүчингүй болгох" тухай өргөдөлд иргэдээс санал авч эхэлжээ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж “D-Parliament” платформын нийтийн өргөдөл хүлээн авах “D-Өргөдөл” систем дээр “Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар иргэд 18 телевизед хураамж төлж буй зохицуулалтыг хүчингүй болгох” нийтийн өргөдлийг иргэн Батаа овогтой Пүрэв санаачилжээ.  

2024 оны хоёрдугаар сарын 08-ний өдөр санаачилсан тус өргөдлийг 2024 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 11.00 цагийн байдлаар 623 иргэн дэмжиж, санал өгсөн байна.

Тус өргөдөлд: 

"УИХ 2019.12-р сард баталж, 2020.07 сараас хэрэгжиж эхэлсэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 4.1.21 дэх заалт, 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.5.3, 20.5.4 дэх заалт, мөн зүйлийн 20.6, 20.7, 20.8 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 26.5, 26.7 дахь хэсэгт өөрчлөлт оруулж, иргэд, телевиз үзэгчид IPTV үйлчилгээ эрхлэгчдээр дамжуулан Монголын телевизүүдийн холбоо, түүний гишүүн 18 телевизэд хураамж төлөхгүй байхаар зохицуулж өгнө үү" гэжээ.

Сонирхуулахад, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар “D-Өргөдөл” цахим системд иргэний гаргасан өргөдөл, санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юм.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө