Улаан-Уул сумын спорт заалны барилга шатсан галын дүгнэлтийг гаргахаар мэргэжлийн байгууллага ажиллаж байна

Улаан-Уул сумын спорт заалны барилга шатсан галын дүгнэлтийг гаргахаар мэргэжлийн байгууллага ажиллаж байна

Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн Спорт заалны барилгад энэ сарын 15-ны өдрийн 19:00 цагийн орчимд гал гарч, барилга бүрэн шатжээ.

Галд хүүхэд, багш, ажилтан, албан хаагч өртөж, гэмтээгүй байна. Өдгөө галын шалтгаан нөхцлийг тодруулахаар мэргэжлийн байгууллага ажиллаж байгаа аж. 

Харин сургуулийн дотуур байрны талаар БШУЯ-наас дараах мэдээллийг өглөө. "Спорт заалны барилга 2003 онд ашиглалтад орсон. Төмөр карказан рамтай, модон барилга байжээ. Улаан Уул суманд 320 хүүхдийн хүчин чадалтай, спорт заалтай сургуулийн барилга баригдаж байгаа бөгөөд 2024 оны 4  дүгээр сарын 15-нд ашиглалтад оруулахаар график гарган гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна. Шинэ сургуулийн болон спорт заалны тоног төхөөрөмж, тавилга эд хогшлыг 2024 оны төсөвт суулгасан.

Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд 32 бүлэгт 874 сурагч суралцаж, 106 багш, ажилтан ажиллаж хичээл, сургалтын үйл ажиллагааг удирдан чиглүүлж байна. Дотуур байранд 120-133 хүүхэд амьдардаг. Тус сургууль нь 4 хичээлийн байртай. 1968, 1983, 2008 онуудад тус тус ашиглалтад орсон. Эдгээр хичээлийн байр нь 420 хүүхдийн хүчин чадалтай. Дотуур байр 2019 ашиглалтад орсон, 75 хүүхдийн хүчин чадалтай" гэжээ.